Зэвсэгт хүчний 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин болон Төрийн цэргийн байгууллагын зарим офицеруудад ахлах офицерын хурандаа цол олголоо.
Цол олгох үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Хурандаа цол нь дэлхийн улс орнуудын армид байдаг ахлах офицерын эрхэм дээд цол юм. Та бүхэнд хурандаа цолны нэр хүндийг өргөж явах өндөр хариуцлага ноогдож байна. Та бүхэн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудад шат дараалсан албан тушаалуудыг хашиж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, зүрх сэтгэлээ дайчлан, өргөсөн тангарагтаа үнэнч байж албан тушаалын шаардлага, шалгуур үзүүлэлтээ ханган энэхүү цолыг хүртэж байна. Энэхүү эрхэм цолонд хүрэхэд та бүхний найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд тань баяр хүргэж, талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.





