Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Гурванзагал суманд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн соёл хүмүүжлийн офицер хошууч Э.Мөнхбаясахаар ахлуулсан 20 цэргийн алба хаагч 4 дэх өдрөө гамшгийн хор уршгийг арилгаж, тусламж хэрэгтэй малчдад хүрч ажиллалаа.

Дорнод аймгийн орон нутгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар тус цэргийн алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Гурванзагал сумын цасанд боогдсон 300 орчим км замыг чөлөөлж, 10 гаруй малчны цасанд дарагдсан өвөлжөө, саравчийг цэвэрлээд байна. Энэ үеэр сумын удирдлага болон малчдын зүгээс цэргийн алба хаагчдад баярлаж буйгаа илэрхийлж, амьдралын маань гол хөрөнгө буянт сүргийг аварлаа хэмээн онцолж байсан юм.

“Талын чоно”-ынхон Гурванзагал сумаас гадна Халхгол суманд 10 хоногийн хугацаанд ажиллаж, цасан шуурганы улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгажээ.






