Нүүр хуудасМэдээЗХЖШ-ын даргын нэрэмжит “Монгол дайчин” бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо

ЗХЖШ-ын даргын нэрэмжит “Монгол дайчин” бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг хангах үйлст бодит хувь нэмрээ оруулж байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 7 энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 550 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны A/RES/57/129 тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийн НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэн энэ өдрийн Энхийг сахиулагчдыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг алдаршуулахаар болсон. 2026 оны Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв “Алдар” спорт хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран ЗХЖШ-ын даргын нэрэмжит “Монгол Дайчин” бүх нийтийн явган маршийн тэмцээнийг зохион байгууллаа.

Ард иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, энхийн үйлст оролцуулж буй Монгол дайчдынхаа үйл хэргийг алдаршуулах зорилготой тус тэмцээн 20км-ийн зайд 10кг ачаатайгаар эрэгтэй, эмэгтэй ангилалд хувийн төрлөөр явагдаж, оролцогчдын хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг сорьсон юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид ажиллагааны газар оронд бусад улс орнуудын алба хаагчдын дунд тогтмол зохион байгуулагддаг ДАНКОН марш, НОРКОН марш зэрэг олон улсын тэмцээнүүдэд хүч оюунаа уралдуулан амжилттай оролцож ирсэн билээ. Харин Монгол орондоо энэхүү тэмцээнүүдийн ижил төрлийн тэмцээн болох “Монгол Дайчин” тэмцээнийг ийнхүү гуравдах удаагаа зохион байгууллаа. Уралдаан Зэвсэгт хүчний алба хаагчдаас гадна төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, гэрээт цэргийн алба хаагчид болон оюутан цэрэг сургалтад хамрагдаж буй алба хаагчид, энгийн ард иргэд ч оролцдог билээ.

Маршийн тэмцээнийг Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, гадаадын улс орнуудаас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе нар ивээн тэтгэн хамран зохион байгууллаа. Энэ удаагийн бүх нийтийн маршийн тэмцээний Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 327 дугаар анги, ОУХМ, ахлагч Б.Сарангуа, дэд байрт Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, дэслэгч Э.Ариунтунгалаг, гутгаар байрт Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, ахлах ахлагч Д.Март (311), тусгай байрт Зэвсэгт хүчний 167 дугаар анги, дэд ахлагч Л.Сэвжидмаа нар шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн төрөлд Хилийн цэргийн 0131 дүгээр анги, ахлах ахлагч н.Мөнхбаяр, дэд байрт Зэвсэгт хүчний 015 дугаар анги, дэд ахлагч О.Бат-Эрдэнэ, гутгаар байрт Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, дэд ахлагч О.Даваажаргал нар шалгарлаа. Тусгай байруудад шалгарсан алба хаагчдад АНУ, БНСУ, БНТУ, Япон Улсуудаас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе нар өөрсдийн нэрэмжит шагналаа гардуулсан юм.

Тэргүүн байр эзэлсэн алба хаагчдын шагналыг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн ёслолын арга хэмжээний үеэр гардуулна.

Цаашид “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг угтан ард иргэдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг Төрлийн цэргийн командлал, удирдах газар, нийслэл, аймгуудын цэргийн штаб, Монгол цэргийн музей зэрэг байгууллага хамт олонтой хамтран зохион байгуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН