Монгол улс зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахаар талуудтай хамтран ажилласны үр дүнд төв Азийн орнуудаас анх удаа зэрлэг амьтдад ээлтэй гарц, гарам байгуулах хоёр стандартыг баталсан билээ. Хэдийгээр үндэсний хоёр стандарт батлагдсан ч өргөст торон хашаа, гарц гарамгүй дэд бүтцүүд зэрлэг амьтдыг эрсдэлд оруулсаар байна. Энэ асуудлыг шийдэх хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Засгийн газар болон хувийн хэвшлийн шийдвэр гаргагчид болон мэргэжилтнүүдэд зориулж байгальд ээлтэй шугаман дэд бүтцийг хөгжүүлэх багц сургалтыг холбогдох мэргэжилтнүүдэд хийж байна. Учир нь, шугаман дэд бүтцийг хэрхэн зэрлэг амьтдад ээлтэй төлөвлөх талаар суурь мэдээлэл хүргэх, мэдлэг олгох сургалтыг шугаман дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэх, хийгдэж байгаа бүс нутгийн төрийн албан хаагчдад хийх зайлшгүй шаардлагатай болсон юм.
Дээрх мэдлэгийг олгосноор шугаман дэд бүтцийг орон нутагтаа зэрлэг амьтдад ээлтэйгээр бүтээн байгуулах чиглэлээр төрийн албан хаагчид мэдлэгтэй болох бөгөөд орон нутагт бүтээн байгуулалтыг зөв төлөвлөх, улмаар хяналт тавих боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид ярьж байна.
Энэ ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар “Таван толгой төмөр зам” ХХК-ийн мэргэжилтнүүд болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны салбаруудын гишүүдэд шугаман дэд бүтцийг хэрхэн зэрлэг амьтдад ээлтэй төлөвлөх талаар сургалт хийлээ. Эхний сургалтад 29 мэргэжилтэн оролцсон бол удаахь сургалтад 19 мэргэжилтэн оролцсон юм.
Сургалтыг дараахь 5 сэдвийн хүрээнд хийв. Үүнд:
- Зэрлэг амьтдын нүүдэл, үүний шалтгаан, тэдгээрийн үнэ цэнэ, хамгаалах шаардлагын тухай суурь ойлголтуудыг олгоно.
- Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, үхэл хорогдолд нөлөөлж буй шугаман дэд бүтцийн нөлөөг тогтоох судалгааны арга замуудын талаарх мэдлэгийг олгох.
- Монгол орны зэрлэг амьтдад үзүүлэх шугаман дэд бүтцийн нөлөөг тодорхойлж тэдгээрийг бууруулах арга замуудыг тогтооход оршино.
- Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн болон популяцид сөрөг нөлөө багатайгаар шугаман дэд бүтцийг төлөвлөх ба байгуулах сайн туршлагын талаарх суурь ойлголтуудыг олгоно.
- Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн болон популяцид сөрөг нөлөө багатайгаар шугаман дэд бүтцийг төлөвлөх ба байгуулахтай холбоотой дүрэм, журам, хууль эрх зүйн үндэслэлийн талаарх суурь ойлголтуудыг олгоно.
Сургалтыг нүүдлийн зэрлэг амьтдын талаар олон жил судалгаа хийж байсан туршлагатай биологич, мэргэжилтнүүд удирдан явуулав. Сургалтын сэдэв, сургагч багш нарын илтгэл сонирхолтой байсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татлаа.
Ялангуяа шугаман дэд бүтэц зэрлэг амьтдад хэрхэн нөлөөлдөг талаар болон бууруулах арга замуудын талаархи мэдээлэл оролцогчдын сонирхлыг татаж байв. Хамгийн чухал нь, оролцогчид зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийг бүтээн байгуулахтай холбоотой холбогдох дүрэм, журам, хууль эрх зүйн мэдээлэлтэй болж чадсан нь сургалтын гол ач холбогдол байлаа.