Нүүр хуудасХөрөгИжий, Цагаан сар хоёр минь

Ижий, Цагаан сар хоёр минь

Хаврын урин цаг хаяанд ирснийг зарлаж, зузаан цас захаасаа ханзран хайлж, тэнгэрийн аашийг дагаж салхи нэг л тогтуун. Мал хүртэл тэнэгэр тайван идээшилнэ. Аль хэдийнээ бараан болсон сүрлэг уулын хормойд хаяа залган буусан гурван гэрээс шингэн цагаан утаа эгц дээш суунаглана. Малын хашаа, гэрийн гаднах цэв цэмцгэр. Миний хүүхэд насанд ингэж л цагаан сар болно. Муу бор гэр минь цагаан сараар улам ч өнгө орно. Ээжийн чанаж байгаа битүүлгэний махнаас үнэртэх сайхан үнэр гэрээр нэг түгнэ. Радиогоор бөхийн барилдаан тайлбарлаж, уртын дуу эгшиглээд л. Хүүхэд байхад хамгийн их хүсэн хүлээдэг баяр цагаан сар  байж дээ. Битүүний өглөө ээж маань хоньчны хишиг хэмээн бууз чанаж, жижигхэн идээ бэлдэж тавьдагсан. Аав маань хониндоо явахдаа тэр идээнээс идээд мордоно. Гэрт түмэн ажил өрнөнө. Хүн бүр дор бүрнээ ажилтай. Харин надад ихэвчлэн гадуур тугал услаж, өвслөх, түлээ зөөх гэх мэт жижиг сажиг ажил оногдоно. Харин би бушуухан орой болж, ээж тавгынхаа идээг засаасай хэмээн боддог байж билээ. Яагаад гэхээр ээж минь тавгынхаа идээг засах гэж хамаг нарийн нандин юмаа гаргана. Тэр бүгдээс нь хүртэнэ гэдэг надад хамгийн сайхан зүйл байсан. Ээжийнхээ таваг засахдаа алдаж унагаасан чихрийг авч идэж байх тэр л цаг минь миний хамгийн сайхан цагаан сар минь болдог байж дээ. Хөөрхий муу ээж минь ганцхан надад л цагаан сараар хүүхдүүдэд өгөх гэж авсан чихрээсээ хамгийн гоёыг нь өөрөө сонгож идэх эрхийг өгдөг байж билээ. Би гэдэг дархан эрхтэй хүн ингэж л ээжийнхээ чихрээс хороож эрхэлдэг байж дээ.

Цагаан сарын шинийн нэгэн. Үүр цайх яагаа ч үгүй байхад эртлэн боссон ижий минь –“Алив ээ миний охин Лхам бурхан ирэхээс өмнө босоорой. Цагаан сарын шинийн нэгэнд эрт босохгүй бол бурхан ирээд чамайг хүний тоонд оруулахгүй яваад өгнө шүү” гэж дуудна. Үнэхээр л тэгдэг байх гэж итгэдэг байсан би год хийн босдог байж билээ. Тоононд нар тусахаар шинэ дээлээ өмсөж, аав ээж, ах эгч нартайгаа золгохыг сэтгэл догдлон хүлээдэгсэн. Хол ойроос ах дүү нар цуглаж, уяа морьдоор дүүрч, гэрт хүмүүс шуугилдан цагаан сар цаанаа л нэг сайхан. Жил жилийн цагаан сарыг ингэж л хүсэн хүлээж, баярлан золгож үргэлж л ийм байх юм шиг санадаг байж дээ. Харин цаг хугацаа дандаа нэг янзаараа байдаггүй ажээ. Гэрийнхээ хойморт гэрэл цацруулан инээж суудаг, хоёр алгаа тосон хүлээж хацар энхрийлэн үнсдэг ижий минь надтай хамт дахин цагаан сарыг үдэхгүй болжээ. Эрхлэж, туньж, ижийгээсээ нууж авсан чихэр бүхнийхээ амтанд бялуурсан жаахан насыг минь хэзээ ч өөрчилж чадахгүй тийм л нандин дурсамжаар ижий минь чимчихээд өөрөө тэр Лхам бурхан болоод явчихсан юм болов уу даа. Халуухан гарын нь илчийг, зөөлөн үнсэлтийн нь хайрыг өнөө хэр нь мартаж чаддаггүй тийм л цаг хугацааны орон зайгаар би амьдарч явна. Сэтгэлд ижий минь хүрэн дээлтэй дүр төрх мөнх үлдэж, хадгаа дэлгээд үнсүүлэх хацар минь эзгүй оргиж яваа ч өглөө бүр тоононд тусах нарнаас өрсөж охиноо үнсдэг дээ гэж би өөрийгөө аргаддаг юм.

Тиймээ цагаан сар. Цайлган ижий минь охиндоо хадгалсан чихэр шиг цагаахан дурсамж халгисан хүүхэд насны минь мөрөөдлийн минь нэг хэсэг. Ээжийнхээ инээд, хайр хоёрт нь эрхэлж өссөн энхрий насны минь ой ухаанд дэндүү сайхнаар үлдсэн жаргалтай баяр. Урь буусан хөдөө талд, утаа үнэртсэн бор гэртээ угтаж, үдсэн миний хүүхэд насны цагаан сар. Ижийтэйгээ хорол, шагайгаар наадаж, шагнал шиг үгэнд нь нисэж өнгөрүүлсэн миний цагаан сар. Дэндүү хурдан өнгөрсөн хүүхэд насыг минь сүү шиг дурсамжаараа сүлсэн ижий минь сэтгэл шиг цагаан сар. Одоо надад тэртээ жилүүдийн минь өдрүүд шиг ирэхгүй ч тийм л цаг хугацааг санагдуулж ирдэг цагаан сар минь иржээ. Ижийтэйгээ өнгөрүүлсэн цагаан сарын баярыг эргүүлж авчирч чадахгүй ч гэсэн сэтгэлийн минь хойморт мөнхөд залрах ижийнхээ тэнгэрт мөргөж сууя даа.

                            /Ижийдээ үнсүүлээд эрхлэж суухаас илүү жаргал үгүй юм шүү/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН