Нүүр хуудасМэдээИРГЭД: МӨНГӨӨ ХАЛААСАНДАА ХИЙЕ

ИРГЭД: МӨНГӨӨ ХАЛААСАНДАА ХИЙЕ

Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх анхны ногдол ашгийн хэмжээ гурван их наяд төгрөг байхаар 2027 оны улсын төсвийн төсөлд тусгасан. Үүнийг иргэдэд хэрхэн хуваарилах тал дээр улс төр, эдийн засгийн хүрээнд томоохон маргаан өрнөж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.


Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийсний үр дүнд ногдол ашиг авах хугацааг наашлуулж, анхны орлого нь 2026 оны эцсээр орж ирэхээр болсон.
Урьдчилсан байдлаар хамгийн багадаа гурван их наяд төгрөг төвлөрнө гэж тооцсон бөгөөд зэсийн үнэ болон олборлолт өндөр байгаа тул ашиг нь 5–6 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж зарим гишүүд үзэж байгаа юм.


Засгийн газар ногдол ашгийг эрчим хүчний болон зарим зайлшгүй төсөл хөтөлбөрт зарцуулж, үлдэгдэл ногдол ашгийг иргэдийн хуримтлалд зарцуулахаар хуулийн төсөл оруулж ирсэн хэдий ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, төслөө буцаан татсан.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Оюу Толгойн ногдол ашгийн дээжийг иргэдэд олгох чиглэл”-ийг Засгийн газарт өгч, иргэд ч үүнийг нь дэмжиж байгаагаа цахим орчинд олноор илэрхийлж байна. УИХ-ын зарим гишүүд ч нэг иргэнд ойролцоогоор 800–850 мянган төгрөг бэлнээр олгох тогтоолын төсөл санаачлаад явж байгаа юм.
Харин нөгөө талд Шадар сайд болон зарим эдийн засагчид бэлэн мөнгө тараах нь инфляцыг хөөрөгдөх, төгрөгийн ханшийг унагах маш том эрсдэлтэй гэж анхааруулж байгаа.


Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд байх бөгөөд түүний үр өгөөжийг иргэн бүрд шударгаар хүртээх ёстой гэж заасан.
Гэтэл Засгийн газар Оюутолгойн ногдол ашгаар өөрсдийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлнэ гээд гэдийчихсэн сууна. Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Тэгэхдээ иргэдийн гарт очих мөнгөөр санхүүжүүлэх нь байж болохгүй асуудал гэдгийг олон нийт хэлж байгаа юм.


Иргэд “Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед зайлшгүй тендер зарлах шаардлага тулгарна. Төрд хамаарал бүхий томчууд төсөл, хөтөлбөр нэрээр тендер зохиож, байгалийн баялгийг дээгүүрээ хуваагаад авчих эрсдэлтэй. Тиймээс Оюутолгойн ногдол ашгийг жинхэнэ эзэн болох иргэдэд шууд олгох нь хамгийн шударга бөгөөд зөв шийдэл.” гэдгийг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байна.


Хэрэв төр нь тендерээ шударга зарладаг бол иргэд “Мөнгөө бэлнээр авъя” гэж зүтгэхгүй, урт хугацааны төслүүдээ дэмжих байсан. Гэтэл энэ итгэлцэл байхгүй учраас өнөөдөр иргэд “Мөнгөө халаасандаа хийе” гэж хэлэхээс өөр аргагүй болоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН