УИХ-ын гишүүн, Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Хангайн бүсийн аймаг, сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, “Шинэ хоршоо–Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах хүрээнд орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг өчигдөр /2026.02.12/ Баянхонгор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, аймгийн хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа хэрхэн бодитой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд ямар хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай танилцуулга сонсож, санал солилцлоо.

Шадар сайд Х.Ганхуяг Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа бодитой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллах, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хариу арга хэмжээг шуурхай авч ажиллах үүрэг чиглэл өглөө.






