Нүүр хуудасМэдээМАН: Хуулийн төсөлд албан тушаалтны шийдвэр бизнес эрхлэгчдийн ашиг сохирхлыг хамгаалахад чиглэсэн...

МАН: Хуулийн төсөлд албан тушаалтны шийдвэр бизнес эрхлэгчдийн ашиг сохирхлыг хамгаалахад чиглэсэн зарчмыг тусгажээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар үргэлжлүүлэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.

Дэлхийн өв уламжлалын сангаас “Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс”-ийг засаглалын үр ашиг, Засгийн газрын оролцоо, зохицуулалтын үр ашигтай байдал, нээлттэй зах зээл гэсэн нийт 4 бүлэг 12 шалгуур үзүүлэлтийг ашиглан тооцдог байна.

Манай улс 2024 онд нийт дүнгээрээ 176 улсаас 60.6 оноотойгоор 76 дугаар байрт эрэмбэлэгдэж, V түвшинд байна. Шалгуур үзүүлэлтүүдийн оноогоор нийт 176 орноос “өмчийн эрх”-ийн үзүүлэлтээр 92-т эрэмбэлэгдэж “муу”, “төрийн зарчимт байдал” үзүүлэлтээр 117-д эрэмбэлэгдэж “муу”, “бизнесийн эрх чөлөө” үзүүлэлтээр 79-т эрэмбэлэгдэж “дунд”, “хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал” үзүүлэлтээр 119-т эрэмбэлэгдэж “бага” гэж үнэлэгдсэн байна. Үүнээс үзэхэд иргэдийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх чөлөөг хангах, төрийн албаны авлигатай тэмцэх, бизнесийн үйл ажиллагаанд аливаа төрөөс тавьсан хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгах шаардлагатай байгааг хуулийн төсөл боловсруулагчид онцоллоо.

Хуулийн төсөлд дараах зарчмын заалтуудыг тусгасан байна.

1.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмыг тусгасан. Тухайлбал, төрийн үйл ажиллагаа нээлттэй ил тод байх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх, хууль тогтоомж хооронд давхардал хийдэл, зөрчил үүссэн тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид ашигтай байдлаар тайлбарлах зарчмыг тусгав.

2.Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг заасан. Төрийн байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх, хяналт шалгалтын давхардлыг арилгах, төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй байх, гомдол шийдвэрлэлтийн үйл явцыг цахим хэлбэрээр харах боломжтой зэрэг төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг тусгажээ.

3.Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагааг тусгасан. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эд хөрөнгө, бие махбодод халдах, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд албадан оролцуулахгүй байх, зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон хэм хэмжээ батлахыг хориглоно гэж тусгасан байна.

4.Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм буюу Эдийн засгийн бодлогын зөвлөлийн эрх зүйн статусыг бий болгож, чиг үүргийг тодорхой болгосон.

Эдийн засгийн бодлогын зөвлөл нь төрийн бодлого, хууль тогтоомж, хэм хэмжээний акт боловсруулахад олон нийтийн саналыг хүлээн авах, төрийн байгууллагад саналыг хүргүүлэх, шийдвэрт санал туссан эсэх талаар эргэн мэдээлэх чиг үүрэгтэй ажиллана гэж хуулийн төсөлд тусгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН