Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.04.07/-ийн хуралдаанаар “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэв. Салбарын сайд Э.Бат-Амгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн конвенцын есдүгээр зүйлд заасны дагуу дэлхийн томоохон хотуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй байдлын аргачлал, зөвлөмжийг хэрэгжүүлэх, харгалзах хүнгүй хотын хөдөлгөөнд оролцох, олон улсын стандартыг мөрдөхөд анхаарч ажиллаж байна. Мөн “Төрийн орон сууцыг иргэдэд түрээслэх, өмчлөх, хөлслүүлэх журам” шинэчлэгдэн батлагдсан. Уг журмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн орон сууцаар хангахад олгодог байсан 5 хувийн квотыг 10 хувь болгож нэмэгдүүлсэн” гэв.





