Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл” -ийг эхлүүллээ. Тус төслийг Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад 2021-2028 оны хооронд Уур амьсгалын мэдээлэлд түшиглэн төв орон нутгийн газар ашиглалт усны нөөцийн төлөвлөлтийг сайжруулах, экосистемд тулгуурласан дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх малчдын чадавхыг бэхжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.
Нээлтийн хурлыг цахимаар зохион байгуулж төслийн оролцогч талууд болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн Холбоо, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, Хөгжлийн хамтрагч байгууллагууд, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх нэгж, төсөл хэрэгжих 4 аймаг, сумдын засаг дарга, харьяа газрын төлөөллүүд, нийт 170 орчим хүн оролцлоо.