“Морьтой ч болоосой” кино ингэж эхэлдэг. “Яагаад хайнаг уначихаад мунгинаж яваа юм бэ гэвэл…” гэж. Энэ кинонд адуучин залуу Дондог, жолооч бүсгүй Янжмаа нарын хөгжилтэй явдал өрнөнө. Гэхдээ байна аа, зөвхөн морь, машин хоёрын ялгаа зааг бус монгол уламжлал гээчийг битүү, тойруугаар хэлэх гэж энэ кино дэлгэцэнд гарчээ. Адуучин залуу Дондог морио багтруулчихаад, будлиад байгаа мэт боловч нэгдлийн буруу шийдвэрээр залхаан цээрлүүлж морь үгүй болгосноор хамаг будлиан эхэлдэг. Хайнагтай Дондог, морьтой Дондог хоёр хэрхэн өөр гэдгийг харуулж байгаагаар кино дуусна. Угтаа морь үгүй Монгол хаашаа зүглэх вэ гэдгийг энэ кино ёгт хэлбэрээр харуулсан хэрэг. Тэртээ 1959 онд шүү. Ингэхэд 1959 он гэдэг бол соёлын довтолгооны яг эхэн үе. Хүн ардын аж ахуйг соёлжуулах бодлогын буулган дор аймаг, хот, сум суурин, нэгдэл, сангийн аж ахуй бүгд хамрагдаж байлаа. Мэдээж хэрэг технологийн дэвшил болсон машин техник бүхий материаллаг бааз бүрдүүлж эхэлсэн. Машин техник, морь мал соёлын хувьд сөргөлдөж таарна аа даа…
Нийтлэлийн гол агуулга киноны тухай биш учир ингээд орхие. Одоо гол сэдэвтээ оръё. Морийг бид сүлдэндээ залж, хуурандаа титэмлэснээс биш морин уралдаан гэх соёлын үнэт өвийг хаах нь тээж байгаа билээ гэдгээ бодох учиртай. Бид морин уралдааныг наадмаар харж огшдог. Бусад үед мартдаг. Мартсан учраас “Хүний эрх” нэрээр морин уралдаан, тэр дундаа өвөл, хаврын уралдааныг ад үзэж, тээршаах болов. Хэрэв уншигч та санаж байгаа бол 2015 оноос эхлээд л Хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гээд л шуугьж эхэлсэн. Яг жилийн дараахан нь,тухайн үеийн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Г.Баярсайханы А/36 тоот тушаалаар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах олон улсын конвенцид нэгдсэний дагуу 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд ямар нэгэн морин уралдаан, үсэргээ, сунгаа хийхийг хориглов. Гэхдээ сайдын тушаал засгаа давахгүй. Бүтэн гурван жил болно, болохгүй гэж маргасаар 2019 онд өвөл, хаврын цагт морин уралдааныг хориглосон. Гурав илүү зууны түүхтэй морин уралдааны соёлыг гуравхан жилийн дотор албажуулж хориглосон нь энэ.
Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд нэгдэн орсон уу гэвэл, орсон. Шинэ нийгэмд шилжсэн үү шилжсэн. Аливаа шинэ нийгэм өв соёлоо тээгээд явна уу гэхээс хойноо гээж хаядаггүй. Чухам иймийг Испанийн бух сургагч, улаан лоолийн баяр, Энэтхэгийн будагны баяр, Хавайн дэнлүү хөвүүлэх наадам энэ цаг үе хүртэл оршин тогтносоор ирсэн түүх харуулна. Японы үндэсний сүмо, Арабын хойгийн тэмээний уралдаан ч мөн адил. Тэд энэ хүртэл тээхдээ уламжлалаа шинэчлэлтэйгээ хослуулсан юм. Үнэхээр хүүхдийн эрхийн тухай ярих гэж байгаа бол хамгаалах хувцас хэрэглэлээр өвч тоноглоод, нэгдсэн стандарт батлаад өв соёлоо хадгалах нь өнөө цагийн бидний үүрэг. Стандартыг ч баталсан 2018, 2019 онуудад. Аливаа спортод эрсдэл байлаа гээд тухайн спортоо ор тас мартчихдаггүй. Үхэх эрсдэл хамгийн өндөр Америк хөлбөмбөг, уламжлалт хөлбөмбөг, боксыг тэгвэл олимпоос хасах нь яасан юм.
Ер нь байна аа жир нэгэн “ядуу ард”-ын хүүхдийг чирч аваад хурдан морин дээр тавьчихдаггүй юм. Бие бага, жин хөнгөн ч бодол тэнүүн, ухаан саруул, шийдвэр гаргах чадвар өндөр, цовоо цолгиун хүүхдээр аливаа уяач жолоогоо атгуулдаг. Тийм ч хүүхэд олон байдаггүй. Баячууд цэнгэлд ташуурсандаа ч өвөл уралдуулаад байдаггүй. Нэг хэсэг уяачдын хүүхдээр унуулъя гэж баахан мэдэмхийрэв дээ. Уг нь унаач хүүхдийн амь нас эрсэдвэл хариуцлагыг нь чангатгаад хууль эрх зүйн талаасаа ч, тухайн морин спортын өөрөө удирдах байгууллагын дотоод дүрмээ чангалчихвал заавал хориод, хориглоод баймгүй л харагдана.
“Хайнаг уначихаад мунгинаад…” гэж “Морьтой ч болоосой эхэлдэг шиг, яг одоо бид адуучин Дондог шиг мунгинаад л яваа юм уу даа. Морин эрдэнэ, морины соёл гэж омогшдог мөртлөө түүнийг уламжлал гэдэг өлгийнд боогоод “тос даатал нь” өвөртлөх санаатай нэг хэсэг бий. Ардын хүүхдээр морь унуулаад алж хядаад байна гэдэг нэрээр ор тас хаяж орхих ч нэг хэсэг байна. Гэхдээ бид монгол морины уламжлалаа бренд болгоод өвөл, хаврын уралдаантай, түүнийг нь адууны соёл тээгчид харж нутаг нь өндөлздөг, дэлхий харж дэлдэлздэг байвал ямар вэ дээ. Тэгээд ч премьер лигийн алтан дундаж багийн бэлтгэлийн өмсгөл дээр нэрээ наалгах, хэн нь мэдэгдэхгүй “Юүтүбэр”-ийг авчрахаас илүү үр дүн байж мэднэ шүү.
Биднийг энд хайнаг уначихаад мунгинаж байх хооронд Хятадууд адууны соёлоор 17 сая орчим жуулчин татаж, 23.1 тэрбум юань олчихоод байна. Киргизүүд “Дэлхийн нүүдэлдийн наадам” гээчийг санаачлаад автор нь болчихлоо. Хоёр жил тутам зохион байгуулдаг энэ наадмын үзүүштэй төрөл нь морин уралдаан, сур харваа. Өнгөрсөн жил Казахстанд болсон тав дахь наадмаар тус улсын агаарын тээвэр 13.4 хувиар нэмэгдсэн гэх тооцоолол бий.
Монгол нутагт өвөл хаврын цаг хахир, урт аа. Зуны цаг зургаа биш дээ гэдэг үг ч хахир цагийн уртыг илэрхийлнэ. Гэлээ гээд өвөл эхлээд урь ортол нэгнээ муухай харж, бөөн стресс дунд хөмсөг зангидаж байхын оронд өвлийн цагтаа морин уралдаанаа бренд болгоод жуулчдыг ч татаад, уламжлалаа ч тээе. Сайхан биш гэж үү…