Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Танаа
Хүсэлт гаргах тухай Улаанбаатар хот
Төрийн хууль цаазын Тэргүүн зөвлөх Таны түмэн амгаланг эрж, энэхүү зурвасыг бичих болсоны учир:
НЭГ, Төрөөс намайг шалгах ажил өндөрлөж байгаа бололтой. Төрд алба хаших миний бүрэн эрх дуусгавар болсоны дараа удалгүй намайг шалгах, мөрдөх ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Энэ ажлыг Прокурорын байгууллагын оролцоо, чиг үүрэг хяналт дор Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүллээ. Монгол улсын хууль хяналтын байгууллагаас намайг шалгаж мөрдөж, байцаалт тодруулга авч ажилласанд би талархалтай байна.
Хуулийн байгууллагаас дуудсан цаг хугацаанд нь зохих газар нь очиж тайлбар байцаалт өгч, бүрдүүлж шийдвэрлэж байгаа хэргийн материалтай биечлэн танилцаж ирлээ. Энэхүү ажиллагаа өнгөрсөн хугацаанд арав гаруй удаа хийгдсэн ба бүгдэд нь өөрийн биеэр оролцсон болно.
Харин миний бие надад тулгаж байгаа, намайг үйлдсэн гэх эрүүгийн хэрэг, түүнийг үүсгэх болсон учир шалтгаан, иж бүрдэл, үйл явцтай огт санал нийлэхгүй байгаагаа дашрамд дурдъя. Мөрдөн шалгах ажиллагаа албан ёсоор дуусгавар болж байна. Надад хийх ажил багагүй хуримтлагдлаа. Алт шиг цаг хугацаагаа баахан барлаа.
Нэр бүхий нэг дунд сургуулийн миний өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцаа болон Оросын Холбооны улсын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан надад ял тулгаж, яллах дүгнэлт үйлдлээ.
- Намайг буруутгаж байгаа хэрэг хууль эрх зүйн талаасаа үндэслэлгүй, гэмт хэргийн обьектив болон субьектив бүрэлдэхүүнгүй, нотлох баримт гэх зүйлд өрөөсгөлөөр хандсан. Зөвхөн яллах буруутгах талыг барьж ажилласан хуулийн мэргэжлийн болон түүхэн цаг хугацааны шалгуур үл даах элдэв цаас, үг өгүүлбэр, түүврийн эмх журамгүй, цоохор цуглуулга гэж би харж үнэлж байна.
- Энэ тухай, цаг бүр нь өмгөөлөгч хууль хяналтын зохих байгууллага албан тушаалтанд миний хүсэлт, гомдлыг дамжуулан илэрхийлж ирсэн. Энэ бүхнээс Нийслэлийн болон улсын Ерөнхий Прокурорын газарт, (Нийслэлийн прокурорын газрын прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, Х.Еркебулан, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор Ш.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан) гаргасан гомдол хүсэлтийн хариу хуулийн шаардлага хангаагүй, хүсэлт гомдлыг барагдуулах ямар нэг тодорхой ажил хийгдээгүй болохыг энд дурдахаас өөр аргагүй байна. Уг хүсэлт, гомдлоос зөвхөн 2020 оны сүүлийн гурван сарын хугацаанд гаргасныг он сараар нь тоймловол: ( 2020 оны аравдугаар сарын 13, мөн сарын 21, 2020 оны арваннэгдүгээр сарын 05, мөн оны арванхоёрдугаар сарын 07, 12 дугаар сарын 11-ний өдрөөр огноолсон) ийм байна.
ХОЁР, Намайг буруутгаж байгаа асуудлын талаар:
а) “Эй Эс Юу” гэх дунд сургуулийн 10 хувийн хувьцааг миний бие эзэмших болсон үйлдлийг хууль зөрчсөн, авлига авсан гэж буруутгаж байгаа юм. Намайг яллан буруутгаж байгаа энэ асуудал аль ч талаасаа гэмт хэрэгт тооцох, түүнд хэн нэгнийг буруутгах үндэслэл, боломж үгүй иргэн хоорондын харилцаа гэдгийг Та бүхэн сайн мэдэж харж ойлгож байгаа.
- Цаг хугацааны хувьд. Тус сургуулийн 10 хувийг би 2007 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор эзэмшдэг. Энэ тухай гэрээ, тогтоол, зохих шийдвэр бичгийг би АТГ-т гаргаж өгсөн. Мөн тодорхой гэрчүүд энэ талаар мэдүүлэг, зохих баримт, тайлбарыг өгсөн байгаа.
- Гэмт хэрэг үйлдсэн гэх миний хувьд: Би 2007 оны дурдсан хугацаанд төрийн болон, төрд улс төрийн ямар нэг ажил албан тушаал эрхэлж байгаагүй. Иймээс уг хувьцааг хахууль, авлига хэлбэрээр надад өгөх, би тийм хэлбэрээр түүнийг олж авах боломжгүй юм. Энэ нь эрх зүйн талаасаа цэвэр иргэний хуулийн харилцаанд багтах бөгөөд эрүүгийн ямар нэгэн шинж байдал агуулаагүй. Агуулах ч аргагүй юм.
- Бодит байдал. Улаанбаатарт Монгол Англи хэлний сургалт явуулдаг дунд, сургууль байгуулах шаардлага байна. Энэ нь улс орны эрх ашиг, зайлшгүй хэрэгцээ, хууль журмын шаардлагад нийцэж байна гэж миний бие болон уг сургуулийг үүсгэн байгуулах санааг гаргасан хүмүүс үзсэн юм. Сургууль байгуулах ажил тодорхой цаг хугацаа, хөрөнгө оруулалт, зөвшөөрөл шаардлага, боловсон хүчин, удирдлага зохицуулалтын шат дамжсаар бодит бүтээн байгуулалт болсон.
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2007 оны арваннэгдүгээр сард уг сургуулийн надад ноогдох хувьцаа баталгаажиж миний нэр дээр ирсэн. Уг хувьцааны шилжилтэд гэмт үйлдлийн шинж байна гэж үзэж намайг буруутгах гэж оролдож байгааг аль ч утгаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энд ямар нэг хууль бус үйлдэл, санаархал, оролдлого байхгүй болно. Байх ч боломжгүй. Иргэн Л ч энэ тухай мэдүүлэг, нотолгоог өгсөн. Түүний УИХ-ын гишүүнд 2008 онд нэр дэвшсэн дэвшилт дээрх үйлдэл хоёр хоорондоо ямар нэг хамааралгүй болохыг өөрийн биеэр тэр нотолсон.
Уг сургуулийг бий болгох, байгуулахад иргэний хувиар миний гаргасан санаа, оролцоог зохих оролцогчид 10 хувь гэж үнэлсэн. Оролцоо үнэлгээнд тухайн үед намайг төлөөлж байсан хүн миний тэр хувьцааг надад шилжүүлсэн, иргэд хооронд хийгдсэн хэлцэл юм. Уг хэлцлийн талаар аль нэг талаас, хэн нэг хүн, байгууллагаас гаргасан санал гомдол, эрх зүйн маргаан байхгүй болно.
Дахиж хэлье. Хэн ч энэ талаар гомдол хүсэлт, маргаан үүсгээгүй. Хаана ч хандаагүй. Гайг газар доороос гэгчээр ухаж шалгаж, мөрдөж мөшгиж, олны хэл ам, зохион байгуулалттай намайг онилсон түмэн гүжир гүтгэлгийг шалгасаар, ухсаар байгаад хэрэг болж магадгүй гэж дээрх “өвс”-ийг олсон бололтой. Төрийн шалгалт (их хүч, их анхаарал тавьж, дуулиан шуугиан болж хийсэн)-аас ийм дүнтэй гарч байгаадаа нэг талаар баярламаар, нөгөө талаар яаж ч хамаагүй яллаж, шийтгэх гээд байгааг нь харахаар гомдмоор ч юм шиг. Ийм байна, товчхондоо.
- Эй Эс Юу ХХК-ийн, олны мэддэгээр “Америк сургууль”-ийн 10 хувийг эзэмшдэгээ би 2008 оны намраас мөн 2009 оны зунаас төрийн улс төрийн тодорхой албанд орсон цагаасаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хууль номын дагуу, уг мэдүүлгийг бөглөх хуулийн шаардлагыг ханган мэдүүлсээр ирсэн. Надад энэ хөрөнгөтэй холбоотой Монгол улсаас завшсан, зувчуулсан олны нэрлэдгээр “идэж уусан” зүйл байхгүй.
Төрийн албан хаагч ийм буруу зүйл хийж болохгүй гэдгийг би сайн мэднэ. Төрд ажиллаж байгаа хүн хувь хувьсгалаа ялгаж яаж ажиллах ёстой, тэр алтан зарчмыг би баримталж явахыг үргэлж хичээдэг байсан. Улсаасаа, бусдаас хулгай хийх, авлига авах, зүй бус зүйлд албан тушаалын байдлаа ашиглах санаа оролдлогыг би гаргаж байгаагүй.
Гэвч иргэдийнхээ хардах хэлэх эрх чөлөөг хүндэтгэх, төрөөрөө шалгуулж хар цагаанаа ялгуулахыг би нэр төрийн хэрэг гэж үздэг. Иймдээ ч та бүхний хийсэн шалгалт, мөрдөлт, байцаалтад би эмзэглэдэггүй. Харин баярлаж явдаг. Гэхдээ хийгээгүй, үйлдээгүй, бүр санаанд ч оромгүй зүйлээр буруутгагдаж яллагдахыг би хэзээ ч зөв гэж үзэхгүй.
“Юмыг яаж мэдэхэв” гэсэн хандлагаар, заавал юу ч хамаагүй олж зүүх гэсэн, хүчээр яллахад ашиглаж ирсэн хууль хүчнийнхний буруу арга буюу “наалтуур хэрэг” гэгчийг босгох гэсэн хууль бус оролдлого илт харагдаж байна. Хийсэн хэрэг, зөрчсөн хууль энд надад байхгүй. Иймээс намайг яллаж байгаа асуудал шүүхэд шилжихийн өмнө Танд хандаж, дээрх ялын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгөхийг биечлэн хүсэж байгаа юм.
б) “Эрдэнэт” үйлдвэр болон “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын 49 хувийг Монгол улсад авч ирсэн гэх үйлдэлд намайг буруутгаж яллаж байгаа юм. Би уг үйл ажиллагааг хэзээ ч буруу зүйл гэж үзэж байгаагүй. Одоо ч уг хувийг Монгол улсад оруулж ирсэн нь шүүхээр шүүгдэх биш, нийтээр алга ташиж баяр хүргэх ёстой үйл ажиллагаа гэдэгт эргэлздэггүй.
- Харь орны эзэмшилд байсан Монгол улсын баялаг, газар шороо, үйлдвэр уурхайн хувь Монголдоо ирсэн. Улс төр, атаархал мөчөөрхөл, олны хардлага сэрдлэг байгаа бол шалгаж нягтлах нь зөв. Хэрэв буруу зөрүү, солиу гажуу зүйл байвал засаж залруулж Монгол улсын нийтлэг эрх ашиг, хууль журамд нийцүүлэх бол хийгдэх ёстой ажил. Хийгдээд ч явж байгаа.
- Хөрөнгийн тухайд: Хавтас хэрэгт шинжээчдийн гэх дүгнэлтээр зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ыг эзэмшилд байсан хувийг 9.609.022.917.440.00 буюу сийрүүлбэл есөн их наяд, зургаан зуун есөн тэрбум, хорин хоёр сая, есөн зуун арван долоон мянга, дөрвөн зуун дөчин төгрөг гэж үнэлсэн байсан. Дээр нь “Монголросцветмет” нэгтгэлд хамаарах үйлдвэр уурхай, эзэмшдэг байсан тусгай зөвшөөрлийн зах зээлийн үнэ үнэлгээг нэмэх. Лав Эрдэнэтийн 49 хувийн талаас дутахгүй, цаашид эдийн засгийн эргэлт, ашиглалтад ороход ямар үнэлгээтэй болохыг зөвхөн эрэлт хэрэгцээ, тухайн үеийн үнэ ханш мэдэх асуудал. Монгол улсад шилжиж ирсэн хөрөнгөний хувьд ийм юм.
- Хохирогч, нэхэмжлэгчийн тухайд: Дээрх хөрөнгө, баялаг ОХУ-аас Монгол улсын мэдэлд ирснээр хэн нэг хүн, байгууллага, аль нэг субьект тэр дотроо Монгол улсад “би” гэж нэхэмжлэх хохирогч байхгүй. Ямар ч хохирогчгүй хэлцэл гэсэн үг. Уг хувийг авч ирэхэд шаардагдсан төлбөр тооцоо нь гэрээ хэлцлийнхээ дагуу хийгдээд цэгцэрч байгааг хавтаст хэргээс харж болно.
Асуудал бол уг хөрөнгийн удирдлага, эзэмшил, хувьцаа хаана, хэнд байх цаашид хэрхэн оновчтой шийдвэрлэх тухай гээд үргэлжилж байна. Үргэлжилж байгаа үйл хэргийг дундаас нь тасалж эрүүжүүлж болохгүй. Эдийн засгийн шийдэл харилцаа өрнөж байна. Энд төгс шийдэл байхгүй ч, арай дээр, боломжит, гарлага шамшигдал багатай, илүү үр ашиг бүхий хувилбар руу цаг хугацааны эрхээр очиж л таараа.
Харин дээрх хувь Монголын болсноор Монгол улс, төр засаг, ард иргэд хожиж байгаа. Уг үйлдвэр аж ахуйн газраас орж ирдэг, татвар, төлбөр, ноогдол ашиг, даатгал шимтгэл, үйлчилгээний хөлс бүгд 100 хувь Монгол улсад шингэж байгаа. Одоогоор энэ хувийг төгрөгөөр үнэлбэл хэдэн их наяд болсон. Цаашид ч жил улирал тутам Монгол улсад олон оронтой тоогоор илэрхийлэгдэх ашиг болж орсоор байх болно. Шууд хэлбэл Монгол улс, Монголын ард түмэнд маш их өгөөжтэй, ашиг орлоготой хэлцэл болсон гэдэг нь дээрх баримтаар нотлогдож байна.
Энэ орлогоос Монгол улс, орон нутгийн төсөв бүрдэж иргэд, албан тушаалтнуудын цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж тавигдаж, хүүхдийн мөнгө орж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт босож, ажлын байр нэмэгдэж, манай эдийн засгийн хэмжээ дамжаа ч үржих нөлөөнийх нь ачаар тэлж байгаа. Үүгээр олон зовлонгийн үүд хаагдаж, олон асуудал шийдэгдэж, олон хүн амаа тосдож, түмэн хүн нэр нүүрээ тахалж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн санаачилгаар жорлонд 100 тэрбумаар нь зарж, Засгийн газрын шийдвэрээр дулаан цахилгаан, хог усныхаа үнийг хүртэл тэглүүлж, зуун хувь үндэсний болсон Эрдэнэт үйлдвэртээ бид энэ ачаагаа үүрүүлж байна.
Харин түүнийг олж ирсэн, оруулж ирсэн, их эрсдэл, их ачаа, ял зэмээс үл айсан хэдэн нэр бүхий зоригт, золбоолог, монгол хөвгүүд орон шорон хэсэж, оюун санаа, эрүүл мэнд, ар гэр, эд хөрөнгөөрөө хохирч өдий болтол гундуухан явна.
- Миний хувьд. Эрдэнэтийн гэх асуудлаар намайг зүсэн зүйлээр буруутгасан. Террорист, толгойлогч, эзэн, авлигач, завшигч аль болох муугаар яллах гэж оролдлоо. Эрүүгийн хуулийн хатуу зүйл анги бүрийг шүүрдэж наах гэж хичээлээ. Эцэст нь үйлдвэрийн дээрхи хувийг авч ирэхдээ хэргийг үгсэж тохиролцож, бүлэглэж, зохион байгуулсан эзнээр тодруулж Монгол төрийн нэрийн өмнөөс намайг яллаж байгаа юм байна.
- Үгсэж тохиролцсон гэхийн тухайд: Дээрх хоёр үйлдвэр, аж ахуйн нэгжийн гадаад улсын эзэмшлийг Монгол улсад авч ирэх тухай надтай Монгол улсын иргэн хэн нэг хүн, аль нэг байгууллага, аж ахуйн нэгжийг төлөөлөн ярьж, хэлэлцэж, төлөвлөж байгаагүй. Иймээс дээрх ажлыг хийхийн тулд тохиролцож бүлэглэх, зохион байгуулах боломжгүй юм.
Харин надад “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг хувь манай улсад ирж байгаа тухай нэг л хүн хэлсэн. Өөрийн санаачилгаар, олон улсын хурлын завсарлагаар албан бус уулзалтын үеэр. Тэр хүн бол одоо ч ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Владимир Владимирович Путин юм. “Танайхыг үйлдвэрээ эзэмшээд аваад явж чадна гэдэгт итгэж байна” гэж Путин Ерөнхийлөгч лавласан байдалтай хэлсэн. Миний бие түүнд “чадна” гэж хариу илэрхийлсэн. “Эрдэнэт” болон “МонРосцветмет”-ийн эзэмшил, хувьцаа Монгол улсад ирэхэд оролцсон миний оролцоо, үйлдэл энэ хүрээнээс хэтрээгүй.
Тэр тусмаа уг асуудлыг хаалттай журмаар хэлэлцсэн Монгол улсын Засгийн газрын хурлын тухай, тэнд яригдсан зүйл, шийдвэрийн талаар хожим нийтэд ил тод болох үеэр би мэдсэн. Дашрамд Засгийн газрын шийдвэрт Ерөнхийлөгчөөс нөлөөлөх, хориг тавих эрх үүрэг, боломж хуулиар байдаггүйг энд онцлон дурдья. Уг үйл ажиллагааг би Монгол улсын эрх ашгийг хохироосон, улс орон, ард түмэнд хортой, хохиролтой зүйл болсон гэж аль ч тохиолдолд үзэж байгаагүй.
Энэ тухайгаа 2016 оны намар хэвлэлийнхний асуултад хариулахдаа ч тодорхой ярьсан. Мөн оны өвөл Улсын Их Хурлын чуулганд бүрэн эрхийнхээ дагуу оролцож эрхэм гишүүдэд буруу, яарсан шийдвэр Та бүхэн гаргаж болохгүй гэдгийг нь хэлсэн. Бүр Монголд ороод ирсэн, Монголын талын эзэмшил болсон уг үйлдвэрийн эзэмшлийг “төрд 34 хувь, хувийн хэвшилд 33 хувь, иргэдэд хувьцааг нь арилжих байдлаар 33 хувиар тус тус эзэмшүүлбэл боломжит хувилбар” энэ болох бус уу гэдэг санаагаа хүртэл ил тод хэлсэн.
Миний хувьд “Эрдэнэт” үйлдвэр, “МонРосцветмет” нэгтгэлийн хөрөнгөөс хувьдаа авсан нэг хадаас ч байхгүй. Эзэмшдэг нэг ч хувь надад байхгүй. Гаднаас олж ирсэн 49 хувийн эзэмшлээс завшсан, тэр талаар бодсон хуйвалдсан, бусадтай үгсэн тохирсон, зохион байгуулсан нэг ч үйлдэл, санаа, оролдлого надад байгаагүй. Одоо ч байхгүй. Тийм үйлдэл, үйл ажиллагаа надаас гарах боломжгүй. Энэ бол миний хүмүүжил, зарчим, үнэт зүйл, араншин, замналтай нийцэхгүй. Түмний үйлс бүтлээ, Монголд хэрэгтэй юм боллоо гэж л бодож явсан. Хэн эзэмших, удирдах, яах нь тусдаа асуудал.
Харин нэмж хэлэхэд уг асуудлаар Монгол улсдаа гавьяа байгуулсан иргэдийг буруутгаж байгаа буруутгалтай би санал нийлдэггүй. Одоо болтол дээрх хувь хувьцаа, шилжилт эзэмшил тойрсон асуудал бол манай иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллага хооронд л өрнөж байна. Шийдлийн эрэл хайгуул, улс төр, атаархал жөтөөрхөл дуусаагүй байна.
Бүх юм тогоон дотроо болж байна. Түүнийг алдаж асгах хэрэггүй юм. Тэр тусмаа энэ асуудлаар хэн нэг Монгол хүн, өөр нэг Монгол хүнийг гайтуулах, яллах, шүүх шаардлага байхгүй. Ёстой сайн нь ч, муу нь ч бидэнд сургамж болж үлдэхэд л хангалттай.
Харин дахиж хэлэхэд дээрхийг бодитойгоор, байгаа зүйлийг байгаагаар нь ойлгох гэхээс илүүтэй зөвхөн буруутгах талыг барьж онц ноцтой зохиомол хэрэгт тулган яллах дүгнэлт гаргаж гэмгүй иргэдийг хэлмэгдүүлж буйтай би огтхон ч санал нийлэхгүй байгаа юм. Гэмт хэргийн болон гэмт хэргийг шийдвэрлэхтэй холбоотой хуулиар яллах болон цагаатгах талыг ижил тэнцүү барьж, хэрэг бүрдүүлэлтэд тэнцвэртэй хандах алтан зарчим энэ асуудал дээр хэрэгжсэнгүй. Шударга ёсны дэнс хэтэрхий нэг тал руу савлажээ.
- “Эрдэнэт” үйлдвэр, “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын өмчлөлийн асуудлыг шийдсэн олон улсын гэрээнд манай УИХ-аас 2015 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулсан. Уг эзэмшил ОХУ-ын Ростех-д шилжиж, Монгол улс эдлэх давуу эрхээ дуусгавар болгосон байдаг.
Харин ийм эгзэгтэй үед Монгол улсын аж ахуйн нэгж санаачилгатай, эх орончоор асуудалд хандаж өөр улсад, өөр аж ахуйн нэгжийн эзэмшилд шилжиж болох хувийг авч ирсэн эрх зүйн эмзэг болон ээдрээт нөхцөл байдлыг энд өчүүхэн ч авч үзээгүй. Оросууд бидэнд сонголт хийх боломж хэзээ ч олгож байгаагүй. Санал нь тулгалт, тулгалт нь бодлого, үйлдэл болдог. Оросын эзэмшлийн хувийг Монголдоо хэрүүл тэмцэлгүй авч ирэх цорын ганц боломж нь тэр байсан байх.
- Уг хэлцэл хийгдэхэд олон улсын гэрээ хэлцлийн эрхээр дагнан мэргэшсэн нэр хүнд бүхий хуулийн фирм, нэгж, мэргэжилтнүүд тухайн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэс, үр дагаврын тухай олон улсын болон үндэсний хууль тогтоомжийг шүүрдэн шинжилж санал зөвлөмж гаргасан байдаг. Тэр бүх нарийн, мэргэжлийн, үнэтэй зөвлөмж санал, үндэслэлийг мэдсэн, мэдүүлсэн боловч авч хэлэлцсэн, хэрэг баримтад хавсаргасан, нотлох баримтын түвшинд үнэлсэн харгалзсан зүйл байхгүй. Ийм алхам, хуулийн ажиллагаа хийгдээгүй байна.
- Бүх зүйл дээр яллах буруутгах даргын мэдэлд булааж авах оролдлого, түрэмгий үйл ажиллагаанд зохицуулан хийх гэсэн гэсэн нэг л урсгалтай замыг сонгосон. Замын нөгөө урсгал болох гэрээ хэлцэл, хүний эрх, захиргаа иргэний маргаан, үндэслэл тайлбар, болсон үйл явдлын үнэн, бодит байдлыг харгалзаж үзээгүй. Харин төрийн бус, төрийн эрх мэдэлтэй бус, хууль хүчний бус талыг хэт дарамталж хүчээр эрх мэдлийн муйхарлал, лантуун дор асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа явсан. Энэ асуудал дээр Монгол төрийн, хуулийг хэрэгжүүлэх, хянан шалгах байгууллагын нэг нүд бүрэн таглаастай, боолттой явж ирлээ.
- Дээрх үйл ажиллагаанд зөвхөн Прокурорын болон мөрдөн шалгах байгууллага түүний удирдлага, ажилтнуудыг буруутгах нь бас өрөөсгөл болно. Тэднийг улс төрийн бохир тоглоомд хэрэглээд хаядаг бээлий адил ашиглах гэж улайрч, үргэлж дарамталж шахаж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. “Шалгах гэж шалгасангүй. Шалга гэсний учир шалгалаа”. “Яллах гэж ялласангүй. Ялла гэсний учир яллаж байна”. Яг ийм хандлага энэхүү “хэрэг” гэх зохиомол жүжигт бүрэн давамгайлжээ. Харин хожим хойно 152 хавтастай, жижиг “портер” шахуу тэр том хэрэг, материал цагийн шалгуурт орж, сонирхсон хүн бүрийн хүртээл болно. Ном зохиол, кино сурвалжлага, баримт жишээ, хэлэлцүүлэг болон сургууль соёлоор дамжиж цаг хугацааны шүүлтүүр, шалгалтаар бүрэн орно гэдэгт би эргэлзэхгүй байна.
- Надад болон надад хамаатуулж яллаж байгаа хэргийн гол учиг, учир шалтгаан миний хамтрагч болгож буй хүмүүс рүү гэхээс илүүтэй над руу зөвхөн улс төрийн, мөн харь өнцгөөр жадны үзүүр болон чиглэж байгааг би харж байна. Мэдэж байна. Мэдэрч байна. Надаар төлөөлүүлж Монгол улсын эрх, эрх чөлөөт байдал, бие даасан, өөрийнхөө хувь заяаг өөрөө шийддэг улс байх боломж руу хийж байгаа давхар цохилт. Түүнийг хаанаас, хэний гараар, захиалгаар, өс хорсолоор хийлгэж байгаа нь ч нууц биш юм. Бас Монголын төлөө эр зориг, итгэл зүтгэлийг үүгээр нухчин дарах гэсэн харийн, өөрийн нийлсэн явуулга. Ийм бузар, буруу үйл ажиллагаанд Монгол улсын хууль хяналтын болон, шүүн таслах байгууллагыг татан оролцуулж болохгүй.
Би энэхүү хүсэлтдээ намайг болон бусад хүмүүсийг буруутгахыг оролдсон тодорхой гэрч, шинжээч, оролцогч, баримт, хавсралтаас тухайлан авч тусгасангүй. Ганцхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн гэхдээ сүүлчийн яллах, дүгнэлтэд ашиглаагүй дүнг дурьдсан болно. Монгол улсад орсон орлогын нэг хэсэг гэдгээр түүгээр жишээ авсан төдий. Бусдаар дээр гаргаж бичиж байгаа зүйл бол миний хувийн дүгнэлт, өөрийн амьдралын туулж байгаа гашуун бас сургамжит хуудаснаас ишлэл авч байгаа төдий юм. Надад бас иргэний хувьд өнгөрснийг эргэцүүлж, ирээдүйгээ харж төвлөрч хийх бүтээх ажил их байгааг ч өмнө дурьдсан.
ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХИЙН ХУВЬД УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТАНД:
НЭГ. Намайг хэлмэгдүүлэх, буруутгах ажиллагаанд бусад эрдэнэт хүний хувь заяаг хамаатуулах нь буруу юм. Тэд бол буруугүй. Монголын хөгжил дэвшилд туйлын их тус хувь нэмэр оруулсан, оруулах хүмүүс.
ХОЁР. Миний гэх хэрэг улс төрийн ус давс дэндүү их холилдсон, ханасан уусмал төдий юм. Бүр тодруулж хэлбэл тодорхой сонирхол бүхий, өөрийн тань томилгоо, халаанд хамаатай этгээдийн ажил. Ил тод шаардаад, өдөр шөнөгүй шахаад, чичрээд байгааг олон түмэн мэдэж байгаа. Би ч бас мэднэ.
ГУРАВ. Олонд ил болсон, нууц нь алдагдсан, цагийн ая даахгүй ийм башир тоглолтод Монгол улсын хууль, хууль ёсыг хэрэгжүүлдэг байгууллага ашиглагдаж хэрхэвч болохгүй гэж би үзэж байна. Иймээс нэр бүхий прокуророос гаргасан яллах дүгнэлтийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг Танаас хүсье.
Цаг хугацаа өнгөрөх тусам Монголын төлөө зүрх, шүүх, хууль намайг цагаатгах болно. Харин энэ ажлыг өнөөдрөөс эхлэхийг, бүрэн эрхийнхээ дагуу Таныг эхлүүлэхийг Танд би энэхүү хүсэлтээр илэрхийлж байна.
ХҮСЭЛТ ГАРГАСАН:
МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
2020 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР