Чойжин ламын сүм музей “Музей ба монгол бичиг” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөг нь монгол бичиг сурч байгаа хүүхэд залууст монгол бичгийн ач холбогдлыг таниулж, цаашлаад 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах тухай хуулийн хэрэгжилтэд тодорхой хувь нэмрээ оруулах зорилготой юм.


Өдөрлөгийн үеэр “Мөнх тэнгэрийн бичиг” болон Хүмүүн бичиг сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” долоон ангилалт улсын томоохон уралдааны үе үеийн шилдэг бүтээлүүдээс бийрээр бичсэн, оёмол, хатгамал, наамал, хуйлмал, сийлмэл гээд шилдэг 30 гаруй бүтээлийг дэлгэн танилцуулсан. Мөн өдөрлөгөөр монгол бичгээр унших, бичих шагналт уралдаан, монгол уран бичлэгийн үйлчилгээ, монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгууллаа.

