Дэлхий даяар цөлжилт, газрын доройтолд өртсөн нутаг орныг сэргээх, нэмж доройтохоос сэргийлэхэд чиглэсэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Уг арга хэмжээг угтан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Уур амьсгалын Амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургууль “COP17” загвар хуралдааныг зохион байгуулж байна. Энэхүү санаачилга нь Монгол Улсын зохион байгуулах COP17 бага хурлын өмнө залуучуудын бэлтгэлийг хангах, тэдний дуу хоолойг бодлогын түвшинд хүргэхэд чиглэж байгаагаар онцлогтой.

Мөн загвар хуралдаан нь залуусын дунд цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын хэмжээнд баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах зэрэг ур чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Ингэхдээ хуралдааны өмнө нийт 120 оюутан, залууст гурван модуль бүхий цахим сургалтыг зохион байгуулснаас 60 оролцогчийг загвар хуралдааны албан ёсны төлөөлөгчөөр сонгож буй юм. Загвар хуралдааны үеэр залуус улс орнуудын удирдагчдыг төлөөлөн цөлжилт, газрын доройтлыг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон санхүүжилт болон технологийн шийдэл зэрэг тулгамдсан асуудлыг хөндөн шинэ санаа шийдлүүдийг дэвшүүлэх юм.

Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир: “Өнөөдрийн загвар хуралдаан залууст дэлхийн бодлогын логикийг ойлгож, нэгдсэн шийдэл боловсруулах дадлага болох юм. Тиймээс залуус санхүү, ногоон эдийн засаг, бэлчээр, ус, нөхөн сэргээлт, технологи, нийгмийн тэгш байдал, боловсрол зэрэг сэдвээр хэлэлцэхдээ зөвхөн асуудлыг дүгнэх бус, шийдэл гаргах үүрэг хүлээж байгаа гэсэн үг. Улмаар боловсруулсан санал, уриалга нь зөвхөн загвар хуралдааны баримт бичиг бус Монгол Улсын залуучуудын байр суурийг илэрхийлэх дуу хоолой болох юм” хэмээн онцлон ярив. Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн уур амьсгал, хөгжлийн эдийн засагч Фируз Сайхазаев оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын оролцооны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол зэрэг асуудлыг шийдэхэд залуучуудын санаачилга чухал хувь нэмэр оруулна гэж бид үздэг. Тиймээс COP17 залуучуудын загвар хуралдааныг зохион байгуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэг үзүүлж байна. Энэхүү хуралд оролцсон залуус уур амьсгалын талаар суурь мэдлэгтэй болж, цаашид өөрсдийн байр сууриа нотолгоонд суурилж илэрхийлэх чадвартай болох юм” хэмээн ярилаа.

Түүнчлэн тус загвар хуралдаанд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Софи Уоррал оролцлоо. Тэрбээр “Монгол Улс НҮБ-COP17 хурлыг зохион байгуулахаар бэлтгэж буй энэ үед залуучуудын оролцоо онцгой чухал. Тэр ч утгаараа залуучуудын загвар хуралдаан залуу манлайлагчдад санаа бодлоо солилцож, бодит шийдэл дэвшүүлэх боломж олгож буй гол талбар болдог. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг дан ганц шинжлэх ухааны салбар, шийдвэр гаргагчдын асуудал бус үе үеийнхний хамтын үүрэг оролцоо хэрэгтэй. Өнөөдрийн хуралдаанаар Монголын залуучуудын дуу хоолой COP17-ын зорилго, шийдлийг хэлбэржүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

Энэхүү хуралдааны үр дүнд залуучуудын уриалга боловсруулан гаргаж, COP17 бага хурлын үеэр үндэсний болон олон улсын түншүүдэд танилцуулан хүргэх юм. Сонирхуулахад, загвар хуралдаанд оролцогчдын 40-өөс доошгүй хувийг орон нутгийн залуус бүрдүүлж байгаа бөгөөд ахлах ангийн сурагч, их, дээд сургуулийн оюутнууд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг залуучуудын байгууллагын төлөөлөл, уур амьсгалын асуудлаар идэвхтэй ажиллаж буй залуу манлайлагчид болон тогтвортой хөгжлийн салбарт ажиллаж буй залуу мэргэжилтнүүдийг хамруулж байна.






