Сэтгэлээ шингээж хийсэн бүхэн үнэ цэнтэйгээс гадна эзэндээ сайхан мэдрэмж төрүүлдэг нандин бэлэг болдог байх. Яг л тийм сэтгэлээр хандаж “Амигуруми” хэмээх гар урлалд суралцаж бяцхан хүүхдүүдэд дотны найз нь болох амьтдыг урлан өгдөг нэгэн бүсгүйтэй зорин зорин ярилцлаа. Хонон өнжин урласан бүтээлээ худалдаж авах боломжгүй тэр л зорилтот хэсгийн хүүхдүүдэд өгөх хүслээр сайн үйлсийн аянд нэгддэг сайхан сэтгэлтэй Б.Ганчимэг бүсгүйтэй танилцаарай…
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Баатарын Ганчимэг гэдэг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж өссөн Хоёр ахтай, айлын отгон охин. Одоо ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотдоо амьдарч байна.
Таны одоо хийж байгаа урлалын талаар ярилцахын тулд эхлээд ямар сургуульд суралцсан талаар сонирхох нь зөв байх…
-1998 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын БУГС-тай 4-р арван жилд дунд сургууль, 1998-2004 онд АУИС-ийн Уламжлалт анагаах ангийг Уламжлалтын их эмч мэргэжлээр суралцаж төгссөн.
Эмч хүн гар урлал хийгээд, үйлдвэрлэгч болоод явж байна гэхээр сонирхол татаад байх юм.
-Тийм шүү, би уг нь сэргээн засахын их эмч мэргэжилтэй. 2006 онд Сэргээн засахын резидентур, 2006 онд БНХАУ-д зүү бариа заслын мэргэжил дээшлүүлэх курс, 2010 онд БНЭУ-д Англи хэлний курс, 2010-2015 онд БНСУ-д НЭМ-ийн магистр, 2016 онд Уламжлалтын ахлах зэргийн эмч мэргэжил эзэмшсэн л дээ.
Тэгээд мэдээж мэргэжлээрээ ажилласан л байх л даа, гар урлал руу хэзээнээс орсон юм бол?
-Мэдээж мэргэжлээрээ ажиллалгүй яах вэ. 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт Уламжлалтын их эмч 2005-2008 онд Улаанбаатар хотод “Сэргээн засах Клиник” эмнэлэгт Уламжлалтын их эмч, 2008-2010 онд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт Уламжлалтын их эмч, тасгийн эрхлэгч, 2015 оноос Улаанбаатар хотод “СБЭМТ”-д Сувиллын цогцолборт Сэргээн засахын эмчээр ажиллаж байсан. Хаин 2017 оноос хойш хоёр хүүхдээ гэртээ асарч өсгөж хүмүүмүүлэх ажилдаа ороод энэ хугацаандаа хоббигоо урлаж, ажил болгож байна.
Богино хугацаанд сайн хөгжүүлсэн юм биш үү тэгвэл, яг ямар нэртэй түүхтэй болохыг нь ярьж өгвөл…
-Хоббигоо урлаад хоёр жил гаруй болсон байна. Анх энэхүү урлалд дурлах болсон том шалтгаан нь Ковидоос үүдэлтэй гэж боддог. Амигуруми /нэхмэл, сүлжмэл чихмэл тоглоом/ нь Япон улсаас гаралтай. “Амигуруми” гэдэг нэр нь нэхмэл боож багласан чихмэл хүүхэлдэй гэсэн утгатай “Ами” буюу найз, “Гуруми” буюу тансаг гэсэн Япон ханз үгнээс бүрддэг. Дэлхийн 2-р дайн тэр үеийн Японд болсон эдийн засгийн хүнд хямралаас үүдэлтэй энэхүү урлал Японд эрчимтэй хөгжсөн гэдэг. Амигуруми нь янз бүрийн хэмжээтэй хэмжээ, харагдах байдалд нь хязгаарлалт байхгүй. Энэхүү урлал нь 2003 оноос бусад улс оронд ялангуяа барууны орнуудад олон нийтийн анхаарлыг татдаг болсон. 2006 онд Амигуруми гар Урлалын онлайн зах зээлд хамгийн алдартай зүйлийн нэгт багтсан. Дэлхий даяар алдаршсан энэхүү урлалд хөгшин залуугүй хобби болгож эхлүүлсэн байдаг юм. Амигуруми бол хөөрхөн эгдүүтэй бяцхан тоглоомуудыг хос болон дэгээ зүүгээр нэхэх Японы техник. Үндсэндээ амьтдыг энэ техникээр нэхэх боловч заримдаа янз бүрийн амьгүй зүйлийг ч бас нэхдэг л дээ, үнэхээр сонирхолтой ажил шүү.
Тийм юм шиг байна шүү, оролдож үзмээр санагдлаа. Урлалаа эхлүүлсэн үеийн дурсамж, анхны түүхээ хуваалцаач…
-Хамгийн анх хоёр жилийн өмнө Ковид өвчний улмаас бүх нийтээрээ гэрээс гарахгүй болсон доо. Яг тэр эхний хорионы үед интернетээс Туркт амьдардаг Монгол охины урласан хүүхэлдэйнүүдийг хараад сурах хүсэл эрмэлзэл төрсөн. Тэгээд л онлайн сургалтанд нь хамрагдаж анхны бамбаруушаа нэхсэн одоог хүртэл хадгалж байгаа. Анхных болоод туршлага дутмагаас материал сонголтоо буруу хийж эхний хэдэн тоглоомнууд маань бүгд туршилтынх л болсон. Одоо ч гэсэн суралцаж туршлагажсаар байна. Бүрэн төгс хийдэг болсныхоо дараагаар сургалт явуулна гэж боддог. Эхний туршлагагүйтсэн тоглоомнууд маань бүгд гэрт байдаг хүүхдүүд маань тоглох дуртай тэрнээс хойш загасчны морь усгүй гэгчээр нэг ч шинэ тоглоом өөрийн хүүхдүүддээ нэхэж амжаагүй л явна /инээв/.
Гар урлал явуулахад тулгарч буй бэрхшээл юу байдаг юм бол, улам хөгжүүлэх арга зам нь юу гэж боддог вэ?
-Хобби байдлаар хоёр хүүхдээ харахын хажуугаар нэхэж байгаа болохоор хамгийн том бэрхшээл нь цаг хугацааны асуудал юм уу даа. Ихэвчлэн шөнийн цагаар хүүхдүүдээ унтуулсан хойно нэхдэг. Цаг хугацаа их шаарддаг урлал учраас олноор нэг дор нь хурдан нэхэх боломжгүй л дээ. Бас борлуулалтын асуудал байна. Одоохондоо “Ganchi’s handmade” гэсэн фэйсбүүк хаягаараа дамжуулж захиалга авч борлуулалт хийж байгаа. Мөн бэлэн тоглоомны асуудал. Гар урлал нь тэсвэр тэвчээр цаг хугацаа их шаарддаг учраас захиалгуудаа түр хааж байж цөөн тооны тоглоом л бэлэн байлгахаар нэхдэг. Бэлэн байгаа тоглоомнуудаа голдуу ойр дотны хүмүүсийнхээ хүүхдүүдийнх нь тэмдэглэлт баярын өдрөөр нь бэлэглэдэг. Захиалгаар голдуу нэхдэг юм. Бас нэг асуудал байдаг нь хүргэлт. Өөрсдөө хүргэлт хийхийг хичээж ажлын өдрүүдэд оройн цагаар түгжрэл их байдаг болохоор амралтын өдрүүдэд шаардлагатай үед гэр бүлийнхээ хамтаар хүргэлтээ хийгээд л явж байна даа.
Үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэх боломж байгаа биз дээ…
-ЖДҮ-г маш сайн дэмжих хэрэгтэй, хүү багатай зээл олголт, ЖДҮ эрхлэгчдэд бизнесээ хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөх байнгын сургалт явуулах, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, ажлын байраар хангах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй байдаг юм. Тийм хэрэгцээ шаардлага эрэлт нь байна. Ингэж чадвал гэрээр урлаж хийж байгаа ямар ч зүйл үйрдвэрлэл болон хөгжих боломжтой гэж боддог.
Зах зээлд гарах илүү өргөжих боломж нь хэр вэ, өрсөлдөгч бүтээгдэхүүнүүд нь юу байна?
-Одоо “Амигуруми” хоббитой маш олон ээжүүд бий болжээ. Ихэвчлэн гэртээ хүүхдүүдээ харангаа хийж, өрхийн бичил орлогоо бүрдүүлдэг болохоор хэд хэдэн ээжүүд нэгдэж тоглоомоо хамтдаа нэхэж борлуулдаг нь ч бий. Төрөөс нөөц бололцоог нь бүрдүүлээд дэмжээд өгвөл зах зээлд илүү өргөжих боломжтой урлал юм л даа. Жишээ нь: Гудамжны бичил дэлгүүр лангуу байна. БНСУ-д ЖДҮ эрхлэгчдийг маш сайн дэмждэг зах, томоохон худалдааны төвүүдийн буланд өөрсдийн гараар урласан бүтээлүүдээ чөлөөтэй зарах боломжийг олгодог. Бас чөлөөтэй өрсөлдөх бололцоог бүрдүүлдэг. Манайд тийм л зүйл хэрэгтэй.
Нэг бүтээлийн гарах хугацаа, шаардагдах зүйлс материал нь хэр хангалттай олддог бол?
-Нэг бүтээлийн маань бэлэн болох хугацаа нь хэлбэр, хэмжээ, хэр ажиллагаа шаардагдахаас хамаарч 2-10 хоног байдаг. Жижиг тоглоомнууд деталл ажиллагаа ихтэй. Үнийн хувьд эцэг эхчүүдээ, энхрий үрсдээ эко аюулгүй тоглоом бэлэглээсэй гэж ихээр хүсдэг учраас аль болох үнэтэй биш дундаж үнэтэйгээр борлуулахыг хичээдэг. Гэхдээ гар урлал гэдэг цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг урлал учраас үйлдвэрийн бүтээгдэхүүнээс хамаагүй цөөн тоогоор бүтээгддэгийн хувьд үнэ цэнэтэй байх ёстой. Гэвч манайд тэр үнэлэмж нь учир дутагдалтай худалдан авах чадвартай хүн хэр их байдаг билээ, Хүүхдүүддээ хүссэн тоглоомыг нь авч өгөхийг хүсдэг ч авч өгөх боломж бололцоо тааруу гэр бүл олон байдаг учраас аль болох зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн хандивын аянд хүүхдийн тоглоом урлаж хандивт оролцохыг хичээдэг. Зарж борлуулахаас илүүтэй хобби гэдэг утгаараа “Амигурумид” шунаж дурлан нэхэж урладаг юм.
Хэрэглэгчдийн сэтгэгдэл гэдэг хамгаас чухал байх, захиалгыг нь өгөх тэр мөчийн мэдрэмж…
-Бүтээлээ бүрэн дуусгаад харах, хөөрхөн юм бэ, үнэхээр их таалагдлаа, дахиж захиалах болно оо гэсэн захиалагч нараасаа баярласан сэтгэгдэл сонсох, гогцоо бүрийг нэг бүрчлэн гараар нэхсэн эгдүүтэй тоглоомнууд маань энхрий үрсүүдийн үнэнч найз нь болно гэдэг сэтгэлийн том таашаал юм уу даа…
Бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах онцлог гэвэл юу гэж хэлэх вэ?
-“Амигуруми” нь амьтан, жимс жимсгэнэ, ногоо, цэцэг эсвэл бусад өхөөрдөм зүйлсээс үл хамааран бүх насны хүүхдүүдэд зориулсан тоглоом, байшингийн аль ч өрөөний чимэглэл, DIY бэлэг зэргийг бүтээх боломж олгодог. Ялангуяа хүүхдэд инээмсэглэл тодруулж чадах гайхалтай урлал юм. Инээмсэглэж аз жаргалтай байгаа хүүхдээ харахаас илүүтэй сайхан зүйл гэж юу байх вэ. Уран зөгнөл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, зүрхний цохилт хурдасгадаг мэдрэмж төрүүлдэг чимээгүй бясалгал, тархины фитнесс болдог хязгааргүй хувьсах чадвартай, урам зориг, цаг хугацаа их шаарддаг , гайхалтай сэргэлтийг мэдрүүлдэг урлал юм. Та хүүхдэдээ зориулж анхны бэлэг өгөх санааг хайж байна уу? Хайртай дотны хүмүүстээ өөрийн гараар урлаж бяцхан гэнэтийн бэлэг барьмаар байна уу? Тэгвэл энэ “Амигуруми” гэх гайхалтай урлалыг нэг сонирхоод үзээрэй! Интернетэд байгаа олон видео хичээлүүд хүн бүрт хэрхэн зүүгээр сүлжих үндсийг нь сурах боломж олгодог. Зүү болон өнгө өнгийн утас байхад л хангалттай. “Амигуруми” сүлжихэд ихэвчлэн шидэт тойрог техникээр эхлүүлдэг юм.
Урлалаа илүү өргөжүүлэх зорилгоор зээл авах бодол байдаг уу?
-Зээл авч байгаагүй. Зээл авах хэмжээний тийм том санхүүжилт авах шаардлагагүйгээр материал олдоц нь одоо элбэг болсон болохоор хамгийн анх цалинтай ээжийн 50.000 төгрөгөөрөө материалаа авч байлаа шүү дээ.
Тантай ярилцахад сайхан байлаа, энэ урлалын талаар манай уншигчид тодорхой мэдээлэл авч чадсан байх, түүгээр дамжуулан тантай танилцаж амжсан нь мэдээж юм. Цаашдын зорилгынх нь талаар ярилцаад энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе.
-За баярлалаа. Үндэсний хэв маяг онцлог шинж бүхий хүүхэлдэй бүтээж дэлхийн өнцөг булан бүрт түгээж дэлгэрүүлэх, тэрхүү тоглоомныхоо схемийг гадаад сайтад байршуулах хүсэлтэй болсон. Дэлгүүрүүд Хятад тоглоомуудыг халж, ээжүүдийн сэтгэлээ шингээж урласан энэхүү бүтээлүүдийг борлуулж “Амигуруми” урладаг ээжүүдийг дэмжээсэй гэж хүсч байна. Төрсөн өдрийн төгс төгөлдөр бэлэг болж чадна гэдэгт итгэж байна. Харин миний энгийн мөрөөдөл гэртээ урлангийн булантай болох юм даа.