Нүүр хуудасМэдээН.Учрал: Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл нь боловсролын хөгжил юм

Н.Учрал: Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл нь боловсролын хөгжил юм

Эрдмийн үүдийг нээж өгч багш Таны гар дээр эх орны илүү сайхан маргаашийн нар манддаг билээ. Монголчууд багшийн ачийг дээдлэн хүндэтгэдэг сайхан уламжлалтай.

Багш бол нэгэн ажил мэргэжил төдий бус, Багш бүрийн эцэг, эхээс заяасан нэрийнх нь ард дуудагддаг насан туршийн алдар цол билээ. Өрх бүлээрээ багш, өөрөө ч багш хүний хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж буйгаа би багшийн төлөө, боловсролын төлөө хийж бүтээх үүрэг даалгавар гэж үздэг.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл нь боловсролын хөгжил юм.“Эрдэм боловсролтой монгол хүн” зорилт дэвшүүлэн баталж, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон ажиллаж байна. Боловсролын хөгжлийн бодлогын төв нь багш Та юм.

Засгийн газар байгуулагдсан эхний сардаа хоёр өөр цалингийн ойлгомжгүй байдлыг зассан.

-5-р сарын 1-нээс багш, боловсролын салбарын бүх ажилтны цалинг 50 хувь нэмсэн.

-Нийт 1772 сургууль, байгууллагын 91 499 багш нэгдсэн цалингийн сүлжээтэй, нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулдаг болсон.

Энэ бол манай засгийн газрын Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 1510 сургууль, байгууллагын 44.6 мянган багш, ажилтанд учирсан санхүү, нийгмийн саад бэрхшээлийг арилгасан эхний шийдвэрүүдийн нэг байлаа.

2026-2027 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр Ерөнхий сайдын Есөн шийдвэрээ зарласан.2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслөөс онцолсон энэхүү Есөн шийдвэрийн үндсэн цөм хэсэг боловсролын салбарт зориулагдаж байна.

-Энэ өдрүүдэд УИХ-аар хэлэлцүүлж байгаа 2026 оны улсын төсвийн тодотгол бол багш, боловсролын салбарын 91 мянга гаруй ажилтны цалингийн зөрүү 674.0 тэрбум төгрөгийг баталгаажуулна.

Ахмад багш нартаа сайн мэдээ дуулгая.

-2026 оны улсын төсвийн тодотголоор 11-р сарын 01-нээс эхлэн 434 мянган ахмад настан бүрд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно.

-2027 оны улсын төсвийн төсөлд багшийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 118 тэрбум төгрөг, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад төрөөс үзүүлэх дэмжлэгт 179,4 тэрбум төгрөг тусгаад байна.

-Ирэх онд Төрийн үйлчилгээний бүх албан хаагч, Та бүхний цалинг дахин 10 хувь нэмнэ.

Боловсролын салбарын хувьсах зардлын цалин хөлсийг 500 тэрбум төгрөгөөр нэмж тусгалаа.

-Боловсролын салбарын төсөв 7.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 17.03 хувь, төсвийн нийт зарлагын 6.4 хувь байхаар тооцож Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлж байна.

-Сайн багшийн гар дээр сайхан маргаашийн нар манддагийн учир “Багшийн гурван тулгуурт” бодлогоо багшийн хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг хангах бодит ажлууд болгоно.

Энэ бүхэн бол багшийн ажил хөдөлмөрийг бодитой үнэлэх дуусдаггүй олон жилийн яриаг дуусгах шийдвэрүүд юм. Багшаа дэмжвэл хүүхдээ дэмжинэ, багшаа дэмжвэл Монголоо дэмжинэ гэсэн үг.

Эрхэм хүндэт багш нар аа,

Монголчууд өнөөдөр махир нумаа эвшээлгээд дэлхийн тавцанд эргэн ирэхгүй. Монголчууд өнөөдөр ном эрдмээр оюунаа ухаанаа зэвсэглээд дэлхийн тавцанд эргэн ирнэ.Монголын өнөөдрөөс илүү маргаашийг мянга мянган багш нартайгаа хамт бүтээе. Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт хүсэн ерөөе.Ачит багш таны ажил үйлс үргэлж мөнхөд дэлгэрч, эрдэм номын гэгээ эх орныг минь үргэжлид гэрэлтүүлж байх болтугай!

Та бүхэндээ Багш нарын баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН