Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээн дэх гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал, дүүргүүдийн хот нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс сэргийлэх ажлууд, Тогтвортой авто зам төслийн ажлын явцын талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс сэргийлэх ажлуудын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан танилцууллаа. Тэрбээр “ГУББГ-аас 2025 онд 26 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүнээс борооны ус зайлуулах шугамын ажил 10, замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт засварын ажил гурав, сэргээн засах ажил хоёр, лаг хагшаас цэвэрлэх ажил хоёр, хөрсний ус зайлуулах шугамын ажил хоёр, тохижилтын ажил хоёр, халиа, тошин багасгах ажил, насос станц, насост худгийн ажил, мониторингийн цооногийн ашиглалтын ажил, үерийн хамгаалалтын сувгийн ажлыг тус тус гүйцэтгэж байна. 26 төсөл хөтөлбөрөөс зургаан төсөл хөтөлбөрийг он дамжин хэрэгжүүлнэ. Үлдсэн 20 ажлыг энэ онд 100 хувь дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ онд дуусгах нийт ажлын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа” гэв.
Тодруулбал, авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын хүрээнд
ХУД, 15 дугаар хороо, “Энхтайваны гүүр”-ний доод хэсгийн 628 метр урт зам талбайн ус зайлуулах шугамын ажил,
БГД, 5 дугаар хороо, Алтай хотхоны 14 дүгээр байр орчмын 412 метр урт борооны ус зайлуулах шугамын ажил,
БГД, 24, 26 дугаар хороо, Энгельсийн гудамжны 1003 метр урт авто замын борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажлын ажлын зураг төсөл,
ХУД, 3 дугаар хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх 1398 метр урт борооны ус зайлуулах шугамын ажлыг тус тус гүйцэтгэж дууссан талаар ГУББГ-аас танилцууллаа.
Түүнчлэн ГУББГ-аас нийт 27 байршилд 48323 метр.куб лаг хагшаас цэвэрлэсэн. Борооны болон хөрсний ус татан зайлуулах нэг өргөлтийн насос станц болон 13 байршилд насост худгийн засвар үйлчилгээ хийж хэвийн үйл ажиллагааг хангаж ажилласан. Хөрсний усны шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд нийт 10 ширхэг үзлэгийн худгийн засвар арчлалтыг хийж гүйцэтгэжээ.





