Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзжээ

НИЙСЛЭЛ: Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзжээ

НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийн ахлагч, дэд захирал ноён Рагаван Нараянан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн дэд зохицуулагч Б.Хишигтогтох, НЗДТГ-ын Хот байгуулалт, газар зохион байгуулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Гэрэлт-Од, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийн зөвлөх Д.Түвшинжаргал, Уур амьсгалын стратегийн хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн Эмре Огузөнжүл нар оролцов. Уулзалтаар “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгаанд оролцох, хамтран хэрэгжүүлж буй төслийн ажлын явц, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хотуудын байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгоор “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрт Улаанбаатар хот 2018 онд нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэл орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хоёр байршилд хэрэгжүүлж буй. Төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг Баянхошуу дэд төвд ашиглалтад оруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн нийт зургаан блок 226 айлын орон сууцны барилгын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна. Мөн Шархад дэд төвд хэрэгжүүлж буй “Ногоон орон сууц” төслийн нэгдүгээр үе шат 4.5 га талбайд 338 айлын орон сууц барьж байна.

Түүнчлэн “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжсэн төслүүдийн урт хугацааны бодит үр нөлөөг салбар бүрээр нь нарийвчлан гаргах зорилгоор сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгааг хийнэ. Уг судалгаанд Улаанбаатар хот оролцох юм.

Энэ талаар НЗДТГ-ын бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгаанд хамруулахаар ажиллаж байгаад баяртай байна. Энэхүү судалгаа нь зөвхөн нэг төслийн хэрэгжилтийг үнэлэхээс гадна Улаанбаатар хотын ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр нөлөөг олон улсын түвшинд үнэлэх чухал боломж гэж байна. Ногоон хотын хөгжлийн төлөвлөгөө буюу Green City Action Plan-ний хүрээнд зөвхөн бодлогын түвшинд бус бодит хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү кейс судалгааны ажлын хүрээнд шаардлагатай мэдээлэл, хамтын ажиллагааг бүрэн хангаж, нээлттэй, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН