Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж...

НИЙСЛЭЛ: НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцууллаа

НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд төлөвлөж гүйцэтгэж буй. Тухайлбал, айл өрхүүдийг хийн болон цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, гэр хорооллын янданг буулгана. Энэ хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг дулаалж, үргэлжлүүлэн хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2026 онд 50 гаруй мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хий болон цахилгаан, сэргээгдэх, бусад эрчим хүчний эх үүсвэрт холбохоор төлөвлөсөн. Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг газар чөлөөлөлтөөс нь эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Хагас коксон шахмал түлшийг лабораторийн шинжилгээнд хамруулж, “Тавантолгой түлш” ХХК-д зургаан удаа шалгалт хийж, үр дүнд нь уг түлш стандартын шаардлага хангаж байгааг тогтоосон. Мөн гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 байршилд агаар бохирдуулах бодисын агууламжийг автомат багажаар тодорхойлж, 425 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг иргэдэд нийлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 117 мянган угаарын хий мэдрэгч айл өрхүүдэд суурилуулсан бөгөөд угаарын хий мэдрэгчийн дохиоллын дагуу 45.5 мянган өрхийн дуудлагад очиж, 91 мянган иргэнд анхны тусламж үзүүлж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэн зөвлөмж хүргэн ажиллаж байна. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 25.900 иргэнд гарын авлага, зөвлөмж хүргэж, цахим мэдээллийн сувгаар 400 гаруй мянган иргэнд мэдээлэл түгээсэн талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин НИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны үеэр танилцууллаа. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариуллаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2025-2026 оны галлагааны улиралд Улаанбаатар хотын 170 гаруй мянган өрхийг хагас коксон түлшээр хангахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улс анх удаа нурмаг ачаа импортоор авч байгааг дурдах нь зүйтэй. 50:50 хувийн харьцаатай угаасан мидлинг, сайжруулсан түлшийг хэрэглэж байсан бол дөрөв хоногийн өмнөөс Улаанбаатар хотын борлуулалтын цэгүүдийг 100 хувь хагас коксон түлшээр хангаж эхэлсэн. Айл өрхүүдэд хоёр долоо хоногийн мидлинг болон сайжруулсан түлшний нөөц байна. Энэ нөөц дуусахад ойролцоогоор 14 хоногийн дараа хагас коксон түлшинд бүрэн шилжинэ.

2024 оны 11 дүгээр сарын 1-23-ны дундаж агаарын чанарын утгуудыг өнөөдрийн дундаж утгуудтай харьцуулахад хүхэрлэг хий 43 хувиар, PM2.5 буюу нарийн тоосонцор 8 хувиар,  PM10 тоосонцор 19 хувиар багассан байна. Нэг үзүүлэлт өссөн нь азотын давхар исэл. Азотын давхар исэл автомашины яндангаас ихээр ялгардаг. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөр бүр 600 гаруй мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. ЖАЙКА-тай хамтарч агаарын бохирдлын эх үүсвэрийг судлах бэлтгэл хангаж байгаа. ТЭЦ-3 орчимд агаар бохирдолтой байгаа. Бид агаарын чанарын нарийвчилсан дүн мэдээг 12 дугаар сарын дундуур гаргаж, олон нийтэд мэдээлнэ.

Дулаалгын ажил 93 хувийн явцтай байна. Энэ ондоо 5000 өрхийг дулаалж дуусна. 5000 өрхийг 2026 оны нэгдүгээр сараас хийн түлшинд шилжүүлж эхэлнэ. Хийн халаагуурын төхөөрөмжүүдийг хилээр нэвтрүүлэх бэлтгэл хийгдэж байна. 2026 онд 50 мянган өрхийг хийн хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн. Мөн 2026 онд 5000 орчим айлын газрыг чөлөөлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд зуухны чанар, галлагааг зөв хийхэд чиглэсэн зөвлөмжүүдийг олноор нь хүргэж байгаа” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН