УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл өнөөдөр /2024.08.30/ Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбалаг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, хоёр улсын харилцаа боловсрол, соёл урлаг, түүх археологийн чиглэлд идэвхтэй хөгжиж байгаад талархаж байна. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс, түүх соёлын эртний хэлхээ холбоо нь биднийг ойлголцох гүүр болж байна. Миний бие түүхч мэргэжилтэй учраас хоёр улсын эртний түүхийн холбоог сонирхон судалж ирсэн. Жишээлбэл, Арпад хааны удам хүннү гаралтай гэдгийг генетикийн судалгаагаар нотлогдсон талаар дурдаад хоёр улсын түүх, археологи хамтарсан судалгааг дэмжиж байна. Тухайлбал, Хүннү судлалын чиглэлээр Бэлх болон Ар Гүнтэд хамтарсан төслүүдийг хэрэгжүүлсэн. Цаашид энэхүү төслийг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухай танилцуулав.
Мөн нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд орон нутгийн хамтын ажиллагааны санаачлагуудыг дэмжиж ажиллахаар болов. Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Харин Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбала, нэн тэргүүнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийллээ. Тэрбээр, Унгар, Монгол хоёр улсын худалдааны эргэлт эрс нэмэгдэж 2021 онд оргил үедээ буюу 20 сая ам.долларт хүрсэн. Тухайлбал, хоёр улсын хооронд хөрөнгө оруулалт санхүүжилтийн чиглэлээр Унгар Улсын Хөгжлийн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдах боломжтой юм. Мөн Унгарын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр жил бүр 200 монгол оюутан манай улсад боловсролын бүх түвшинд, маш олон чиглэлээр суралцах боломж бүрдсэн. Одоогоор 1500 орчим оюутан Унгарт суралцаж байна. Мөн Унгар, Монгол, Англи, Австрали гурван улсын хамтарсан “1242 он Баруунд гарах гарц” нэртэй уран сайхны киног Унгар, Монголын уран бүтээлчид хамтран бүтээж байна. Ирэх онд хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо.
Цаашдаа хоёр орны хамтын ажиллагаа илүү өргөжин тэлж хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан туршлага судлах, орон нутгийн засаг, захиргаануудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой учраас энэ чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно гэв. Уулзалтад УИХ-ын даргын зөвлөх З.Төмөртөмөө болон албаны хүмүүс байлцлаа