Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна
…Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Хотын дарга Х.Нямбаатар анх удаа дүүрэг, хороодын Засаг дарга нартай өргөн бүрэлдэхүүнтэй уулзалтыг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулахдаа хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, нийслэлийн явган хүний зам талбайг чөлөөлөх, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах, эвдэрч муудсан хашаа, хайсыг буулгах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хурсан хог хаягдал, төмрийн сэгийг цэвэрлэх, золбин нохой, муурын судалгааг гаргаж, асуудлыг цэгцлэх, дулаалгын төсөлд хамрагдах иргэдийн гэр болон амины орон сууцны нөхцөлийг тодорхойлох, хотын соёлыг бий болгох, аялал жуулчлалыг дэмжсэн арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллах зэрэг олон талт үүрэг даалгаврыг анхны уулзалтаар өгч байсан. Өнөөдөр эдгээр үүрэг даалгаврыг биелэлтийг дүгнэж, дараагийн асуудлуудаа хэлэлцлээ. Хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ.

