Нүүр хуудасМэдээНИТХ: Барилгын зураг төсөл, нормтой холбоотой баримт бичгийн удаашралтыг шийдэх орон нутгийн...

НИТХ: Барилгын зураг төсөл, нормтой холбоотой баримт бичгийн удаашралтыг шийдэх орон нутгийн өмчит газар байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа өнөөдрийн хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг чөлөөлж томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх талаар танилцууллаа.

Хуралдаанд НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Д.Жавхлан, Л.Хосбаяр, Э.Хулан нар оролцож асуулт асууж, санал хэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Баясалмаа зэрэг холбогдох албаныхан оролцож танилцуулга хийж, тайлбар өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай асуудлыг танилцуулав. Тэрбээр “Улаанбаатар хотод сүүлийн хоёр жил хүн амын нягтрал ихтэй төвийн дүүргүүд болон алслагдсан хороонуудад сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Энэ бүтээн байгуулалтын ажлуудыг богино хугацаанд буюу зуны улиралд гүйцэтгэж дуусгахад хүндрэл үүсдэг. Тухайлбал, газар чөлөөлөлт, норм норматив, ТЭЗҮ-д магадлал хийлгэхэд ихээхэн хугацаа зарцуулдаг. Иймд Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай асуудлыг танилцуулж байна. Тус газар нь Барилгын тухай хуулийн 34-р зүйлд зааснаар гадаад, дотоодын санхүүжилтээр хэрэгжих, Нийслэлийн Засаг даргын эрх олгосноор зураг төсөл, магадлал хийгээгүй төсөл арга хэмжээний захиалагчийн хяналт хэрэгжүүлэх, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах, ТЭЗҮ магадлалыг барилгын ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлөн оролцох эдгээр үндсэн чиг үүргийн дагуу ажиллах юм. Ингэснээр гол ач холбогдол нь барилга байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл, норм нормативын холбогдох баримт бичиг болон магадлал хийх үе шатыг богино хугацаанд, чанартай гүйцэтгэх боломж бүрдэнэ. Бүтцийн хувьд Захиргаа, санхүү удирдлагын хэлтэс, Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтэс, Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэс, Зураг төслийн хяналтын хэлтэс гэсэн 4 хэлтэс 25 алба хаагчтай байгуулахаар төлөвлөсөн” гэлээ. Дээрх асуудлыг НИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэхийг Засаглал, эрх зүйн хорооны гишүүд дэмжлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН