Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдээс санал асуулга авсны дагуу агаарт гарах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Санал асуулгаар иргэдийн дийлэнх нь Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах хүсэлт илэрхийлсэн юм. Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх Тэрэлжид үйл ажиллагаа явуулж буй зарим амралтын газрууд болон Скай ресорт цанын баазтай уулзлаа. Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Иргэд хотод ойрхон Тэрэлж, Скай ресорт цанын баазын чиглэлд агаарт гарч, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх санал, хүсэлт ирүүлсэн. Иймд нийслэлийн зүгээс энэ чиглэлд автобусны тоог нэмж, хямд үнэ тарифаар ирж очих нөхцөлийг бүрдүүлээд байна. Иргэд Тэрэлжийг аялал жуулчлалын үнэтэй бүс гэж ойлгодог. Тиймээс амрагчдад зориулан үйлчилгээндээ тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлэх, өдрөөр амраад явах амрагчдад гэр болон буудлаа цагийн тарифаар бодож тооцох зэргээр үйлчилгээнд уян хатан хандаж хамтын ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэж байна.” гэв.
Тэрэлжид “Жигүүр” гэр бүлийн амралтын газар, “Домогт мэлхий хад” амралтын газрууд нийгмийн хариуцлагын хүрээнд тус чиглэлд зориод очсон иргэдэд хоол цай болон буудаллах гэр, байшингийн үнэндээ тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үзүүлж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн тус амралтын газруудад ойр байрлах хувиараа морь, тэмээ унуулдаг иргэд үйлчилгээний хөлсөө бууруулж, аль болох олон иргэнийг хямд, хүртээмжтэй байдлаар амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэлээ.