Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хороо Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллалаа. НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул “Монгол Улсын хүн амын дийлэнх хувийг эзэлдэг нийслэл хотын бодлого эрүүл мэнд, боловсрол, хувь хүний хөгжилд анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллаж, салбар 20 орчим эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудыг нэгтгэн хуралдаж, нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонсож хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох болно” хэмээн онцоллоо.

Тус хуралд НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин, Д.Ундармаа, Б.Дөлгөөн, Б.Мөнхбаатар болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, салбар тасгийн дарга нар оролцлоо.

Хурлаар томуу, томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлж буй хор хөнөөлийг судлах, насанд хүрээгүй охидын жирэмслэлт, анхан шатны эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, хүний нөөцийг бодлогоор дэмжих зэрэг нийслэлийн хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Цаашид төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж, байгууллага бүр туслаа бодлого хэрэгжүүлэх бус салбарын нэгдсэн бодлогын хүрээнд нэг зорилго, чиглэлтэй ажиллах чухал гэдгийг төлөөлөгчид онцоллоо.
