Нүүр хуудасМэдээОБЕГ: Төслийн хамтарсан зохицуулах хорооны VIII хуралдаан боллоо

ОБЕГ: Төслийн хамтарсан зохицуулах хорооны VIII хуралдаан боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх II” шатны төслийн хамтарсан зохицуулах хорооны VIII хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Иноүэ Юки нар оролцож, үг хэллээ.

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Энэхүү төсөл нь манай улсын гамшгаас хамгаалах салбарт нэн тулгамдсан асуудал болох газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулж буй, үр дүнтэй төсөл юм. Төслийн баг болон ажлын хэсгийн гишүүдийн хүчин чармайлтын үр дүнд барилга байгууламжийн аюулгүй байдлыг дээшлүүлэх ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, хүний нөөцийн болон техникийн чадавхыг сайжруулах, энэ ажлын ач холбогдлыг үндэсний хэмжээнд ойлгуулах өргөн хүрээтэй ажлууд өнгөрсөн хугацаанд амжилттай хийгдсэн. Тухайлбал, барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг дээшлүүлэх чиглэлээр салбарын бодлогын баримт бичиг, дүрэм, зааврыг шинэчилж, батлуулах ажлыг эрчимтэй зохион байгуулсан бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгын хүчитгэлийн барилга угсралтын ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлж, 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн барилгын хүчитгэлийн сургалтыг төлөвлөгөөний дагуу үр дүнтэй зохион байгууллаа” хэмээн онцолсон юм.

Хуралдаанд ХББОСЯ, Сангийн яам, ЭМЯ, БХТ, ЭЗХЯ, БШУЯ, ОБЕГ, ЦУОШГ-ын холбогдох мэргэжилтэн, төлөөлөгчид оролцож, ажлын хэсгүүд хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

Хамтарсан зохицуулах хорооны VII хурлаас хойш төслийн хүрээнд “Газар хөдлөлт тэсвэрлэлтийг хангах барилгын хүчитгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах заавар”, “Хоргодох байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн гарын авлага”, өрөгт, цутгамал төмөр бетон, том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын үнэлгээ, хүчитгэлийн гурван дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, шинээр ган бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх, хүчитгэх “БД 22‑107‑25” дүрмийг тус тус боловсруулж, батлуулаад байна.

Мөн аймгийн хот байгуулалт, барилга, барилгын материалын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Барилгын хүчитгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах заавар”, “Хоргодох байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн гарын авлага”-ын танилцуулах онлайн сургалт болон Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэн, алба хаагчдад зориулан боловсруулсан “Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн сургалтын гарын авлага”-ыг ашиглах чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН