Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх байгууллагын зорилтын хүрээнд багц сургалтыг энэ сарын 25-29-ны хооронд зохион байгууллаа. Аналоги болон тоон радио станц, антен фидерийн байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ сэдэвт сургалтад Онцгой байдлын байгууллагаас ажлын гараагаа эхлүүлж буй шинэхэн офицер, мэргэжилтнүүд хамрагдав.
Тэд байгууллагын холбоо, зарлан мэдээлэл, мэдээллийн технологийн чиглэлийн бүхий л сервер систем, сүлжээ, техник хангамжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, техникийн бэлэн байдлыг хангах зэрэг олон талт мэргэжлийн чиглэлийг хослуулан ажилладаг онцлогтой алба хаагчид.

Энэ удаагийн сургалтаар радио станцын эвдрэл гэмтлийг оношлох, засварлах, техникийн бэлэн байдлыг хангах мэдлэг олголоо. Сургалтад оролцогчид, хөдөө орон нутагт энэ чиглэлийн мэргэжилтэн ховор бөгөөд холбоо, зарлан мэдээлэл, мэдээллийн технологийн таван өөр мэргэжлийг нэг дор хариуцан ажиллаж байгаагаа хэлж байв.

