Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ цаг дор Багахангай дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өглөө.
Нэгэн үе нийслэлийн алслагдсан дүүргүүд гэгдэж томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогоос гээгддэг байсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд маань өдгөө Монгол Улсын Засгийн газрын ирэх 4 жилийн тэргүүлэх зорилт болох Бүсчилсэн хөгжлийн бодлогын цөмд орж ирснээр нийслэл Улаанбаатар хотын төдийгүй Монголын зүүн бүс дэх “ХӨГЖЛИЙН АЛТАН ГУРВАЛЖИН” болох цаг ирлээ.
Налайх аялал жуулчлал, аж үйлдвэрийн хот, Багануур аж үйлдвэрийн хот, Багахангай тээвэр ложистикийн төв болгон хөгжүүлэх төрийн бодлого шийдэл нэгэнт гарсан.
Одоо үүнийгээ бодитоор ажил хэрэг болгох шаардлагатай байна. УИХ, Засгийн газар, нийслэл, дүүргийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн цогц бодлого, зорилт, төлөвлөгөө бидэнд нөр их байгаа бөгөөд нэгдмэл санаа зорилготойгоор эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн үр дүнг нь хамтдаа хүртэх он жилүүд Та биднийг хүлээж байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 онд “Монгол Улсын шинэ Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах асуудлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Үүнд алслагдсан дүүргүүдээ хамруулна” хэмээн иргэд, сонгогчдодоо бид амлаж байлаа. Тэгвэл 2024 оны зургадугаар сард Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталснаар Дархан, Эрдэнэт, Шинэ Хархорум, Багануур, Налайхыг Улсын зэрэглэлтэй, бие даасан хот, Багахангай дүүргийг Нийслэлийн дагуул хот болгон хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Ийнхүү алслагдсан дүүргүүдээ төлөөлөн төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон гишүүд бид нийслэл, дүүрэг орон нутагтайгаа бүх шатанд нэгдэж, хамтран ажилласны үр дүнд бодлогын томоохон шийдвэр гаргуулж, олон ч ажил хэргүүдийг амжууллаа.
Цаашид ч шинэ Налайх, Багануур, Багахангай хотын хөгжлийн төлөөх бүхий л үйл хэрэгт манлайлан ажиллах болно. Иймд 2024 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчдэд дүүрэн итгэл хүлээлгэсэн шигээ энэ удаагийн Орон нутгийн сонгуульд Багахангай дүүргийн МАН-ын хорооноос нэр дэвшиж буй баг хамт олныг бүрэн дүүрэн дэмжиж, нийслэлийн дагуул хот Багахангайн түүхэн хөгжлийг хамтдаа бүтээхийг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье.