Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хамт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Маршал Ю.Цэдэнбал нь БНМАУ-ын нам, төрийг 44 жил удирдаж, Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд, Увс аймгийн Давс суманд төрж өссөн Маршал Ю.Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэх, түүний байгуулсан гавьяаг олон нийтэд таниулах зорилгоор, “Маршал Ю.Цэдэнбал” үзэсгэлэн дэлгэсэн нь таатай санагдаж байна.
