Нүүр хуудасМэдээСалхи эргэсний дохио буюу шинэ улс төрийг эхлүүлэх түүхэн өдөр

Салхи эргэсний дохио буюу шинэ улс төрийг эхлүүлэх түүхэн өдөр

Өнөөдөр түүхэн өдөр тохиож байна. “Түүхэн” хэмээн тодотгож буйн шалтгаан нь нэг нам дангаар үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн парламент анх удаа зориглон нийгмийн бүх төлөөллийг төрд оруулж ирэх, өрсөлдөгч намуудадаа боломж олгох сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульдаа оруулах нь зөв гэсэн улс төрийн томоохон эр зориг гаргасан учраас тэр юм. Өнгөрсөн 30 жилд явж ирсэн сонгуулийн тогтолцоо нийт олонхид бус нэг хэсэгт үйлчилдэг, мөнгөтэй, эрх мэдэлтэй нь нам байгуулж “тоглодог”, намаас хальсан бүлэглэл нь кнопны хүмүүсээ төрд оруулдаг буруу тогтолцоог хамтдаа засацгаая хэмээв. Тиймдээ ч өнөөдрийн чуулганаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор, нэг танхимтай парламентад 126 төлөөлөгч суухаас 48-ыг нь хувь тэнцүүлж, 78-ыг нь тойрог төлөөлөн оруулж ирэхээр 63 гишүүн буюу нийт гишүүдийн үнэмлэхүй олонхи дэмжиж, эцэслэн баталлаа. Гадны нэг компани өөрт ашигтай хууль батлуулахын тулд Шангриллагийн хоёр давхарт 10 гишүүнтэй уулзаад л асуудлаа шийдчихдэг гэх буруу систем, буруу ойлголтыг засах улс төрийн эр зориг гаргаж, муухай сайхан дундуур туучиж явсаар нэр хүндээ алдахад ойртсон парламентын нэр хүндийг илүү сайжруулах зорилгоо тэд сар гаруйн хугацаанд сайнтай, муутай нь хэлэлцэж, шүүмжлэлийг сонсож, шүүрдэн тунгааж явсаар биелүүлж чадлаа хэмээн дүгнэж байгаа юм. Товчхондоо, УИХ-ын гишүүн Н.Энхболдын хэлсэнчлэн, ирээдүйн 30 жилд төрөө яаж бүрдүүлэх вэ, төр минь яаж ажиллах юм бэ. Өнгөрсөн алдаагаа залруулж, өнгөрсөнд яригдсан асуудлаа нэг мөр заруулж чадсан нь энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс болох нь ээ хэмээн ихэд тоож, онцлон дүгнэж буй хэрэг билээ. “Эцэг” хууль шинэ нийгмийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж чадахгүй байна, алдаа мадгаа засъя хэмээн бид өнгөрсөн 30 жил шүлсээ хаттал ярьсан юм шүү. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэдэн ч удаа нэмэлт өөрчлөлтийн тухай яригдсан билээ. Гэлээ ч намуудын эрх ашгийг хангах ёстой, нэг нам үнэмлэхүй олонхи бүрдүүлж чадаагүй, олон нам нэг эрх ашигт нэгдэж чадаагүй гэх мэт олон шалтаг, шалтгаанаар УИХ-ын даргын өрөөний хаалгаар ч давж чадахгүй “бүдэрч” байсан нь тоймгүй олон доо. Тэгвэл Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ гэх 80 оны залуу удирдагчийн санаачилсан том өөрчлөлтийг туршлагатай улстөрч Г.Занданшатарын удирдсан танхим сар гаруйн хугацаанд иргэд нийтээр амжилттай хэлэлцүүлэн, нэг нам ноёлсон парламентын босгоор давуулаад зогсохгүй, эцэслэн батлуулж чадсан нь л түүхэн хийгээд үнэ цэнэтэй амжилт гэвэл хэтийдсэн магтаал болохгүй болов уу. Нөгөөтээгүүр, Г.Занданшатар даргын тухайд Монголын түүхэнд тод мөрөө үлдээх хоёр том өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж, Цэцийн нэг шийдвэрийг хүлээж авснаараа түүхэн өөрчлөлтүүдийн “автор” болж буйг онцлохгүй өнгөрч боломгүй. Зөв ухаан, зөөлөн хүчээр эвж явсны үр дүнд 30 жилийн алдааг баллуурдаж, ирээдүйн 30 жилийн түүхээ цоо шинэ хуудаснаас тод мөртэй эхлүүлэх боломж бидэнд тохиов хэмээн иргэний хувиар, жирийн нэг сонгогчийн бодлоор хөөрч буй хэрэг. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийгдсэн “дордохын долоон өөрчлөлт”, Засгийн газрын чадамжийн асуудал буюу давхар дээл, улс төрийн намуудыг эрс өөрчлөх, нийгмийн бүх төлөөллийг хангах, эрүүл, ёсзүйтэй парламент бүрдүүлэх сонгуулийн тогтолцоо, 76 дарга бус 126 төлөөлөгчтэй байх өөрчлөлтийг Г.Занданшатар даргатай парламент гардан хийж чадсан энэ үйл явдлыг түүх өөрөө сайн, муугаар шүүх нь цаг хугацааны асуудал билээ. Энэхүү өөрчлөлт мэдээж маргааш өглөө бидний амьдралд мэдрэгдэхгүй нь ойлгомжтой. Өргөс авсан мэт нийгмийн амьдрал хуйгаараа өөрчлөгдөхгүй. Хуулийн нэмэлт өөрчлөлт туйлын зөв, эсвэл туйлын буруу хэмээн туйлшрах ч бас утгагүй. Гэлээ ч 2024 оны сонгуулийн маргааш, 10-20 жилийн дараах улс төрийн намуудын төлөвшил, ёсзүй, парламентын засаглалын нэр хүнд энэ байгаагаас илүү сайжирна гэдэгт л итгэл төгс байгаа учраас хоёргүй сэтгэлээр дэмжиж байгаагаа гуравдугаар хэлэлцүүлгийн явцад УИХ-ын олон ч гишүүн хэлж байна. Ард иргэд ч яг ийм хүлээлтээр энэ бүхэнд найдлага тавьж суугаагаа тойргийнхоо гишүүдээр төлөөлүүлэн төрд дайжээ. Монгол Улс гацаанд орсныг, Монголын улс төр бүлэглэлд эзлэгдсэнийг, даргын анги давхарга бий болж, даргатай ойр хүмүүс л сайхан амьдарч байдаг тийм нийгмийг дараагийн 20, 30 жилд харахгүй юмсан гэж найдсандаа олон нийт Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа нь ойлгомжтой. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх явцад “Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашдаа гишүүн байна гэдэг тийм ч сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар энд орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна. Эрх мэдлийн төвлөрлийг задалж буй УИХ-ын гишүүдэд баярлалаа” хэмээн үгээ хэлээд гарч одов. УИХ-ын ахмад, туршлагатай улстөрч Б.Бат-Эрдэнэ гишүүн ч төрийн данагар эрх мэдлийг дээрээс нь задлахуйц том бодлого хийгдсэн учраас улс төр лүү орж ирэх гэж буй хэн бүхэн дороо нэг тунгааж, дотроо нэг эргэцүүлээрэй хэмээн захиж байна билээ. Товчхондоо, 76 даргаас 126 төлөөлөгч рүү шилжиж, кнопны наймаа хийх боломж бололцоог энэхүү өөрчлөлтөөр үгүй болгосныг хүн бүхэн ойлгож байгааг эндээс харж болно. Тиймдээ ч улс төрийн намаас ард түмнийг төлөөлөн УИХ-д орж ирэхдээ “Би улс орны төлөө ажиллахаас өөрөөр тэндээс ашиг хүртэж чадахгүй болсон шүү” гэдгийг сайтар ухамсарлаж, төрийг эрслэн шинэчлэх түүхэн өөрчлөлт хийгджээ гэдгийг “түүхий” санаархагчид ч ойлгох байх. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маргаашнаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхлэх байх. Зөв зүйлээ тайван, алсуур хийж эхэлвэл олон үр дүн гардаг. Шударга иргэдийн төлөөлөл төрд орж ирэх боломжийг дагалдах олон хуулиар бий болгоно. УИХ-ын тухай, УИХ-ын Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх гээд шат шатанд цогц өөрчлөлт эхлүүлэхийн төлөө явна. Бүх зүйл маргааш сайхан болохгүй ч даацтай өөрчлөлтүүдийг хийнэ. Алдаанаас суралцсан, зөв өөрчлөлтийг иргэд хүсэмжилж байгаа учраас алдаагаа засаж байна, бид. Монголын ард түмэн шударга ёсыг, үнэн зөвийг хүсэмжилж байна. Хэрсүү иргэд тэнцвэртэй, үнэн бодит мэдээллийг хүсдэг болжээ. Тиймээс буруугаа илчилдэг, нийгмийн асуудлаа зоригтой илчилж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг иргэдийн эрх ашигт нийцсэн төрийг бий болгохын төлөө хичээж ажиллана” хэмээн амлалт өгөв. Өнөөдрийн энэ өөрчлөлт сайн цагийн эхлэл, салхи эргэж буйн дохио, шинэ цагийн улс төрийг эхлүүлж байна. Угтаа, дагалдах олон хууль тогтоомжоо Үндсэн хуулийн зүйл заалтад нийцүүлэн нийгмийн хүлээлтэд нийцүүлэн өөрчилснөөр төлөөллөө бүрэн хангасан, эрүүл парламенттай, бүлэглэлд биш ард түмэнд үйлчилдэг төртэй болох шинэ улс төр эхлэх билээ. Цонхоо нээцгээе, цоо шинэ 30 жил ирлээ гэх үгийг магад өнөөдөр л тод дуугаар хэлэх нь зүйн хэрэг.

Б.Өнөртогтох

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН