Өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Сүхбаатар дүүргийн Сэлбэ голын ай сав дагуу халиа тошин үүсээд байгаа 18, 20 дугаар хороодод ажиллав.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга В.Гомбодорж, ТНААХ-ийн дарга Т.Эдмон, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр болон хороодын Засаг дарга нар халиа тошингийн нөхцөл байдал, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцууллаа.
Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын 01 дүгээр хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу халианд өртсөн болон эрсдэлтэй айл өрхийг урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй арга хэмжээнүүдийг шуурхай зохион байгуулж, 340тн мөс ачиж зайлуулан, 3,5 км урт суваг татан, сувгийн мөсөөр 2-6м өндөртэй далан байгуулан усны урсгалыг сэргээжээ. Цаашид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх Ажлын хэсэг байгуулан бэлэн байдлаа хангах хүн хүч, техник хэрэгслийн нарийн тооцоолол гаргах, нөхцөл байдлыг үнэлэн, авран хамгаалах арга хэмжээг яаралтай зохион байгуулах талаар хэлэлцлээ.