Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсыг дэмжих 7 дугаар хөтөлбөр (2023–2027)”–ийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран “Залуучуудыг чадавхжуулах хамтын ажиллагааны гэрээ”-г байгууллаа. Гэрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Халид Шарифи нар гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний зорилго нь залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулахад дараах чиглэлүүдэд хамтран ажиллах юм. Үүнд:1. “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд хамтрах;
2. Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны стандартыг шинэчлэх, сайн туршлагыг нэвтрүүлж төвүүдийг өргөтгөх боломжийг судлах, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах;
3. Залуучуудын сайн дурын ажлын стандартыг шинэчлэн боловсруулж, холбогдох төрийн байгууллагаар батлуулах;
4. Залуучуудын оролцоо, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гарын авлагыг боловсруулах

Талууд хамтын ажиллагааны хүрээнд өсвөр үе, залуучуудын амьдралын хэв маягийг тодорхойлж, тэдэнд тулгамдсан асуудал бэрхшээл, сорилт, боломжуудыг судлан, нотолгоонд суурилсан судалгааны үр дүн болох “Монгол дахь залуучуудын нөхцөл байдлын үнэлгээ”-г боловсруулан тун удахгүй нийтэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.