Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эдийн засгийн идэвхтэй оролцогч болгон төлөвшүүлэх, бизнес эрхлэлтийн суурь ойлголт, төсөл боловсруулах арга зүй, санхүүгийн мэдлэгийг системтэйгээр олгож тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Инновац ба бизнес эрхлэлт” чадавхжуулах сургалт боллоо.

Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, МУИС-ийн шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк, “Эвт гурван тулгуур”, “Хүүхэд, гэр бүлийн тэгш хөгжил” төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа. Сургалтаар орчин үеийн инновац, бизнесийн загварчлал, төсөв, зардал, ашгийн тооцоолол, зах зээлийн судалгаа, эрсдэлийн удирдлагын арга зүйн талаар оролцогчдод мэдээлэл өглөө.

