Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг дүүргийн хэмжээнд анх удаа өнөөдөр /2024.12.13/ амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Золбоо нээж үг хэллээ. Тэрээр Сонгинохайрхан дүүрэг нь мал аж ахуй эрхэлдэг онцлогтой хороодтойг онцлоод цас зудны аюул нүүрлэдэг тул эрсдэлд бэлэн байх шаардлагатайг сануулсан юм. Мөн халиа тошин, үер ус, газар хөдлөлтийн эрсдэлт нөхцөлд бэлэн байх, урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээнүүд авах, гал түймэр унтраахад орц гарц чөлөөлөх шаардлагатай байгаа талаар онцолж зөвлөгөөнөөс гарсан санал бүрийг 2025 оны зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тусгаж ажиллахаа илэрхийлсэн юм.
Зөвлөгөөнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Засаг даргын тамгын газар, харьяа хэлтэс албад, хороодын Иргэдийн нийтийн хурал, Засаг дарга, хэсгийн ахлагчид, Онцгой байдлын болон Цагдаагийн алба хаагчид болон бусад албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дүүргийн Менежер, Д.Баярсайхан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 21-р хорооны Засаг дарга Жаргалант тосгоны Захирагч М.Батмэнд, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Хурандаа Д.Мөнхсайхан, Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, Цагдаагийн дэд хурандаа Б.Ганбаяр, Улаан загалмайн хорооны дарга Г.Жавзандулам, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер П.Одончимэг нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зөвлөгөөний төгсгөлд оролцогчдоос гарсан саналуудыг нэгтгэж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Золбоод гардуулан өглөө. Мөн Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил үйлсээрээ манлайлсан баг, хамт олон байгууллага, албан хаагчид болон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын зохион байгуулсан “Гал тоглоом биш” гэрэл зургийн уралдаанд шалгарсан бүтээлийн эздийг шагнаж урамшуулсан юм.