Дүүргийн менежерийн шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд ногоон байгууламжийн арчлалт, гэрэлтүүлгийн талаарх мэдээллийг тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ж.Нямхүү танилцууллаа.


Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлагуудад хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг өгсөн. Зуны улиралд иргэдийн амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулан голын эргээр хог хаягдал, орчны бохирдол үүсдэг.


Иймд Сонгинохайрхан дүүрэг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвтэй хамтран дрон нисгэж Туул голын ай сав газарт үүссэн хог хаягдлыг илрүүлэн цэвэрлэх, хөрсний бохирдлыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг энэ долоо хоногоос эхлэн зохион байгуулахаар боллоо.


Мөн ногоон байгууламжийн арчлалт, усалгаа, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, нохой муурын устгалыг эрчимжүүлэх, хог тээвэрлэлтийг чанаржуулах үүргийг хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 22 байгууллага болон холбогдох алба хэлтсүүдэд нь өглөө.
