Дүүргийн хорооны Засаг дарга нарын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн менежер Д.Баярсайхан менежерийн ажлын алба Дүүргийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байр луу нүүж, бүтэц зохион байгуулалтын талаарх мэдээлэл хүргэлээ.

Уг төвд ТНААХ, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ зэрэг хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг хэлтэс тасгууд шилжин ажиллаж байна.

Мөн хуралдаанаар “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас хороодод хийгдэж байгаа тохижилт, хот нийтийн аж ахуйтай холбоотой ажлын явц, Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтсээс 2026 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын зураг, төсвийн талаар, Цэргийн штабаас 2025 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн нийслэлээс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбогдуулан хороодын Засаг дарга нарт дараах үүргийг өглөө. Тухайлбал:
Сургууль, цэцэрлэгийн орчимд зөвшөөрөлгүй тамхи борлуулж байгаа цэгүүдийн талаарх мэдээллийг холбогдох газар хэлтэст хүргүүлэх;
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан хашааны талаарх судалгааг хийх;
Туулын хурдны замын трасст өртсөн айл өрхүүдийн судалгааг гаргах;
Бүх ард түмний спорт наадамд иргэдийг өргөнөөр хамруулах;
Авто замын тэмдэг, тэмдэглээ нэн шаардлагатай байгаа газруудын судалгааг гаргах;
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулах үүрэг даалгаврыг өглөө.
