Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойн хүрээнд “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд Орхон аймгийн Стандарт,
хэмжил зүйн хэлтсийн хамтран ажиллагч “Эрдмин” ХХК оролцож, уртасгагч залгуураа иргэдэд танилцууллаа.
Тус компани 2012 оноос өөрийн зэс цувих үйлдвэрт боловсруулсан зэс утсаараа уртасгагч залгуур үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэгвэл энэ 2023 онд уртасгагчийг шинэ загвараар хийж худалдаанд гаргажээ. Уг уртасгагч нь тус компаний 6 дахь загвар ба 13А, 5 оролттой, 12вт-н USB 2 оролт, 18вт-н 1 оролт, Type C загварын оролттой ПВС3х1 маркийн утсаар хийсэн, 3200Вт чадалтай, 1.5м, 2м, 3м, 5м-н сонголттой, орчин үеийн уртасгагчийг хэрэглэгчдийн гар дээр нийлүүлж байгаагаа тодотголоо. Тус компаний уртасгагч залгуур нь чанартай мөн хямд тул зах зээлд гарсан даруйдаа хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн юм.
“Эрдмин” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа цахилгаан монтажны хатуу зөөлөн нийлсэн 50 гаруй төрлийн утас нь Монгол улсын MNS 60227 стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн
юм.
“Эрдмин” ХХК нь “РЭдэнэтийн Овоо” ордын балансын бус хүдрийн овоолгоос цэвэр зэс Ази тивд анх үйлдвэрлэж эхэлсэн манай улсын том татвар төлөгч компани юм. 1997 онд
үйлдвэр ашиглалтад орсноос хойш “Эрдмин” ХХК 99,999 хувийн цэвэршилттэй, Лондонгийн Металын биржийн “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангадаг өндөр чанартай катодын зэс үйлдвэрлэж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн зэс утас, 2008 оноос цахилгааны 50 гаруй төрлийн зэс утас үйлдвэрлэж эхэлжээ. Тус үйлдвэр жилдээ 3000 тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай, улсын төсөвт 130 гаруй тэрбум төгрөгийн татвар
төлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа үндэсний томоохон компаниудын нэг юм.
Мөн энэ үеэр Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэсээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК оролцсон бүтээгдэхүүн дэлгэн танилцуулсан юм. Тус үйлдвэр нь металлыг даралтаар боловсруулах, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэгдэн байгуулагдсан Монгол Улсын металлургийн салбарын анхдагч болоод хамгийн том ган үйлдвэрлэгч юм.