Стандарт, хэмжил зүйн газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Ай Эм Эс Эй” болон “Систем Арт Венчурс” ХХК хамтран СХЗ-н салбарын үйл ажиллагаанд Процессын дахин инженерчлэл хийхээр боллоо. МУ-ын Их хурал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу арга зүй боловсруулагдаж, дээрх ажил хийгдэж байна.
Энэ ажлын хүрээнд төрийн бүх байгууллагад Процессын дахин инженерчлэл хийгдэж, тухайн байгууллагын чиг үүрэг, бүтцийн давхардлыг арилгаж, холбогдох үйл ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулах, цахим, дижитал шилжилтийг эрчимжүүлж, иргэдэд төрийн үйл үйлчилгээг цахимаар хүргэх зорилготой юм.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хувьд улсын хэмжээнд 486 хурдан цэг, 200 гаруй Киоск машиныг ашиглаж, төр хувийн хэвшлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа. Дээрх цэг, машинаар дамжуулан СХЗГ-ын үйлчилгээг иргэд түргэн шуурхай авч эхлээд байгаа билээ.
Дашрамд сонирхуулахад “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас их өгөгдөл хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулан ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн Стандарт, хэмжил зүйн салбарын үйл ажиллагаанд Процессын дахин инженерчлэл хийгдэж байгаа нь цаашлаад Стандарт, хэмжил зүйн газар өөрт байх өгөгдлийг хиймэл оюун ухааны үндэсний стратегитай нийцүүлсэн анхны агентлаг болох юм” гэдгийг ажлын хэсгээс мэдээллээ.