Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.04.01/-ийн хуралдаанаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулиар Газрын тос боловсруулах үйлдвэр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийн гадаад зээллэгийн санхүүжилтийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Ажлын хэсгийн мэдээллийг сонссоны дараа байнгын хорооны гишүүд хуулийн төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гишүүдийн саналыг хуульд тусгах шаардлагатай гэж үзэн хэлэлцэх хугацааг хойшлуулав.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг сонслоо. Байнгын хорооны гишүүд, байгаль орчны төлөв байдлын болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний мэдээллийг олон нийтэд хүргэх, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой ард нийтийн санал асуулга явуулах, иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг тодорхой болгох зэрэг саналуудыг хэллээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолдог. Импортоор авдаг агаарын хөлгийн түлшний хэмжээ 2022 онд 38492 тонн байсан бол 2025 онд 84366 тоннд хүрчээ. Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ, ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулж тус улсын Засгийн газар экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт нөлөөлөх эрсдэлтэй тул Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Улс орны эдийн засаг, уул уурхайн өсөлттэй холбоотой газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2,9 тонн болж өмнөх оноос 0,9 сая тонноор өссөн байна. Гадаад орнуудад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа тул Засгийн газрын тогтоолд нэмэлт, оруулах тухай төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.





