Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Ухань хотын хүн төрхтэй робот хөгжүүлэх инновацын төвд зочиллоо. Тус төвд гадаадын сэтгүүлчдээс анх удаа Монгол улсын сэтгүүлчид ирж байгааг онцлов.

Энэ инновацын төв бол Хятад улсын зүүн бүсийн хамгийн том судалгааны төв төдийгүй бүтээсэн роботын тоогоороо улсдаа тэргүүлдэг байна.

Зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн судалгааны ажил явуулж хүн төрхтэй робот бүтээх, роботын үндсэн технологид хэрэглэгдэх чип, бусад олон нэр төрлийн төхөөрөмж үйлдвэрлэж, роботыг үйл хөдлөлд сургах туршилт явуулдаг тус төвд ихэвчлэн залуус ажилладаг.

Хүн төрхтэй роботоор дэлгүүрт ажиллах, бараа сонгох, кофе чанаж аягалах, хоол зөөх, үйлдвэрийн олон давтамжтай ажил хийх, гэрийн ажилд туслах, өндөр настанд туслах, цай зөөх, хувцас эвхэх, гудамж талбай, ХАА-д туслах гэх мэтийн олон ажлыг гүйцэтгүүлэх туршилтыг явуулж, тус бүрийн үр дүнг нь нэгдсэн системээр цаг тутамд хянадаг байна.



