Нүүр хуудасМэдээТүүх, утга зохиол, төрийн ёслолын хосгүй үнэт баримт материалыг дэлгэн үзүүлж байна

Түүх, утга зохиол, төрийн ёслолын хосгүй үнэт баримт материалыг дэлгэн үзүүлж байна

Монголын ард түмнээс БОГД ХААН, ЭХ ДАГИНА хоёрт өргөсөн “АЛТАН НАВЧИТ” өргөмжлөл болон эзэн ЧИНГИС ХААНЫ түүхтэй холбогдох тугын бар ба монгол бичгийн эх сурвалжуудыг Үндэсний номын санд дэлгэн үзүүлж байна.

Монголын ард түмнээс БОГД ХААН, ЭХ ДАГИНА хоёрт өргөсөн ” АЛТАН НАВЧИТ” өргөмжлөл нь Монгол Улсын хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд одоо Монголын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын фондод хадгалагдаж байгаа юм.

Уг өргөмжлөлийн түүхийг сөхвөөс 1911 оны арванхоёрдугаар сарын 29 болон 1921 оны цагаан сарын шинийн 15-нд хоёр удаа Богд хааныг хаан ширээнд залжээ. Ингэж залахдаа хоёр удаа хаанд өргөмжилсөн өргөмжлөл өргөсөн байна. Энэ өргөмжлөл нь түүх, утга зохиол, төрийн ёслолын хосгүй үнэт баримт материалыг бидэнд үлдээжээ.

Богд хааны номын сан, хожмоо Монголын Үндэсний номын санд 100 жил хадгалахад энэхүү алтан навчит өргөмжлөлд ердөө хоёр удаа л судлаачид салхи оруулсан түүхтэй гэнэ. Энэхүү өргөмжлөл нь Үндэсний номын сангийн фондод хадгалагдан буй ”Жал там аасол даш яннян шүгсо” буюу ”Хааны тамга өргөмжлөл өргөх өлзийт яруу эгшиг” нэртэй 9 хуудас болгомол хар цаасан дээр алтаар бичсэн ном юм.

Энэ ном нь соёмбо, төвд, монгол гурван үсгээр бичигдсэн бөгөөд утга нь VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж буйн учир хийгээд урт удаан заларч шавь нар биднийгээ аварч ивээхийг хүсэн өргөмжилсөн доороос дээш дэвшүүлэн өргөж буй хүсэлт гуйлт өргөх бичиг гэж хэлж болох юм. Ингэхдээ яруу найргийн болоод үргэлжилсэн үгийн хэлбэрийг хослуулж, яруу тансаг бичсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН