УИХ-ын даргын дэргэдэх хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон үндэсний хэмжээний гурван хөдөлгөөн буюу “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналт тавих, шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор УИХ дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсгийг байгуулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын зориулалттай хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, нөөц санг бүрдүүлж, хоршооны гишүүн малчинд олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой үргэлжлэхэд Ажлын хэсэг анхаарч ажиллана гэдгийг М.Мандхай гишүүн онцлов. “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь 2024 оны дөрөвдүгээр сард орон даяар эхэлсэн юм. Үүнээс хойш улсын хэмжээнд 5637 хоршоо шинээр байгуулагдаж, 58 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн байна. Нийт 3467 хоршооны гишүүн 13355 малчин 442 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудаас авсан байна. “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” буюу Цагаан алт хөдөлгөөн эхлээд байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын төвшинг 20-40 хувь хүртэл нэмэгдүүлж, ажлын байрыг 9800-13000 хүргэх, экспортын үзүүлэлтийг 398-690 сая ам.долларт хүргэхээр байгаа аж. Хүнсний хувьсгалын хүрээнд 19 чиглэлийн үйлдвэрлэлийн 428 нэр төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх жагсаалт батлан гаргасан байна. Энэхүү хүрээнд Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчин хоршоод шаардлагатай тоног төхөөрөмжийг мөн оруулахаар Зарчмын зөрүүтэй санал гаргахаар ажиллаж байгаа аж. УИХ-ын даргын дэргэдэх хөдөө аж ахуйн чиглэлийн үндэсний хэмжээний “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлж хяналт тавих, шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилготой Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, М.Ганхүлэг, Б.Заяабал, Ц.Идэрбат, С.Лүндэг, З.Мэндсайхан, Л.Соронзонболд Р.Сэддорж, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин нар багтсан байна.