Нүүр хуудасМэдээУИХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг...

УИХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж байна

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.31) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн таван, Улсын Их Хурлын тогтоолын гурван төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр, мөн Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлтээ ирүүлснийг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Мөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон бусад Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрөөтэй саналын томьёоллийг нэг бүрчлэн хэлэлцэж санал хураалт явуулжээ. Ажлын хэсгээс, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан төслийн жагсаалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гаалийн татварын хөнгөлөлт эдлэх боловсруулах үйлдвэрийн салбарын жагсаалтыг Улсын Их Хурал батлахаар, Төрийн болон орон нутгийн тухай өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим хэсэг заалтыг Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасны дагуу бусад хуультай нийцүүлэн өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Ажлын хэсгээс “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас 2025 онд гадаад, дотоодод гаргах үнэт цаасны хэмжээг 4.0 их наяд төгрөгөөр тогтоохоор өөрчлөлт оруулах, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсөв, санхүү, татварын орчныг боловсронгуй болгож олон улсын стандартад нийцүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлан, өөрчлөхгүй байхтай холбоотойгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тэдгээрийн гүйцэтгэл, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг мэдээллийг агуулсан Ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлийн мэдээллийн төрөлжсөн цахим сан бүрдүүлж, улсын бүртгэлийн байгууллага, татварын байгууллагатай харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагааг боловсронгуй болгох, мөн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт магадлал хийн, аудитын дүгнэлт гаргуулж нэгдсэн журмаар шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Харин “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ноогдох албан татварын хөнгөлөлт эдлүүлэх жагсаалтыг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тухай Ажлын хэсгийн, хот төлөвлөлтийн бичиг баримтыг боловсруулахад оршин суугч, аж ахуйн нэгжийн саналыг тусгах, хөрөнгө оруулалттай уялдсан бодлогыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэчлэлийн бэлтгэл ажлыг хийх, инновац шингэж шинээр бүтээгдсэн олон улсад туршигдсан бараа, материал, барилгын ажил гүйцэтгэх арга барил, тэргүүн туршлагыг барилгын салбарт хурдацтай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор хот байгуулалт, зураг төсөл, барилгын ажлын стандарт, норм нормативын баримт бичиг, дүрмийг боловсронгуй болгох ажлыг Барилга, байгууламжийн норм нормативын сангийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцын гаргасан саналын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан улсын төсвийн төслийг дагалдуулан холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хамт оруулж ирж батлуулдгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, татварын хөнгөлөлт, дэмжлэгийн зохицуулалт хэрэгжсэнээр нийт хэдэн аж ахуйн нэгж, ямар хэмжээний татварын хөнгөлөлт эдлэх, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд ямар үнийн дүнтэй бондыг аль зах зээлд гаргаж, төвлөрсөн орлогыг юунд зарцуулах талаар асууж, Төвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нараас хариулт авсан юм. Мөн тэрбээр эдгээр хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль заасны дагуу явуулж, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чанартай баталж ажиллах шаардлагатайг тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд 2025 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилах хувь 65 байгааг 2025 онд 40 хувиар тогтоож байгаатай санал нийлэхгүй гэдгээ хэлсэн юм. 2024 онд энэ хэмжээг 20 хувиар тогтоосон бөгөөд хойтон жил дахин багасгавал энэ хоёр жилд нийтдээ 3.0 их наяд төгрөг алдахаар байгааг тэрбээр анхааруулж, харин төрийн өмчийн аж ахуйн нэгж, компаниудын засаглалыг сайжруулах талаарх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж байна гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин 2026 оны дөрөвдүгээр сард эргэн төлөх хуваарьтай “Номад” бондын 578.0 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг төсөвт дарамт учруулахгүйгээр өрийн зохицуулалт хийх үүднээс “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр эрх олгох гэж байгаа бондыг үнийн дүнтэй болгох нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүдийн шаардлагаар танилцуулгад 4.0 их наяд хүртэл төгрөг гэсэн дүн тавьсан нь хачирхал төрүүлж байна гэсэн юм. Тэрбээр “Номад” бондын төлбөрийн дүнгээс хоёр дахин их үнийн дүн тавьж байгаа нь үүний цаана Улсын Их Хурлын гишүүдэд мэдэгдэхгүйгээр далдалж нуусан зүйл байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж буйг дурдаад, Засгийн газар өргөн мэдүүлсэн төсөл, асуудлаа бүрэн танилцуулж байхыг анхааруулав.

Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээр тусгасан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн үйл ажиллагаа гэж ямар үйл ажиллагааг үзэх, тэдгээрийг ямар шалгуураар тогтоох талаар асууж, хөнгөлөлт үзүүлэх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газар батлахаар оруулж ирж байгаа нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Л.Мөнхбаясгалан нар зарим чухал санал Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр дэмжигдээгүйн учрыг асуухын зэрэгцээ Улсын Их Хурлын эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлэхгүй байхыг уриалсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд төсвийн шаардлагыг тусгаагүй байгааг анхааруулаад, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт улсын төсвийн 1.0-ээс доошгүй хувийг инноваци, технологийн салбарт зарцуулна гэж заасан боловч Төсвийн тухай хуульд тусаагүйн учрыг асууж, Сангийн сайд Б.Жавхлангаас хариулт авав. Түүнчлэн тэрбээр, Үндэсний баялгийн сангийн сангуудыг анхнаас нь зөв авч явах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Эрчим хүчний реформ гэдэг нэрийн дор үнийн хөөрөгдөл хийх гэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар эсэргүүцээд, тодорхой төлөвлөгөө гаргаж, үе шаттайгаар шийдвэрлэх шаарлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаагийн орлогод хүртэл ногдуулж байгаа нь татварын дарамтыг улам нэмэгдүүлж байна гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Монгол Улсын 2025 оны төсөв 35.0 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгаа нь мега төсөл, эдийн засгийн реформ хийхтэй холбоотой гэж олон нийт ойлгож байгаа боловч 26.0 их наяд төгрөг нь урсгал зардал байгааг танилцуулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Засгийн газрын төсвийн бодлого бүсчилсэн хөгжлөөсөө илүүтэйгээр сонгуулийн амлалт руугаа чиглээд байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн хөдөө, орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” болон төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ургамал хамгааллын газрыг нэмэх тухай “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 22 саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалт явуулах үед зарим зарчмын зөрүүтэй саналыг Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл хүсэж, буцааж татсан юм. Зарчмын зөрүүтэй саналуудын ихэнхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Улсын Их Хурлын даргын 2024 оны 207 дугаар захирамжаар 2025 оны төсвийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсаныг дурдаад, уг ажлын хэсэг мөн дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулж саналуудыг нэгтгэснийг болон Улсын Их Хурлын бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлт боловсруулсныг хэлэлцсэн талаар тэмдэглэв. Төсвийн болон бусад Байнгын хорооны гишүүд, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц дотор зардлын зориулалтыг өөрчлөх, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зардал шилжүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадлыг өөрчлөх саналууд гаргасныг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн төсвийн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, тэдгээрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг тусгасан нэгдүгээр хавсралтад тусгагдсан хөтөлбөрийн нэр өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Үүний дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулав. Хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилт нь түүхий эдийн үнэ, тоо хэмжээний өсөлтөөс үүдэлтэй боломжийг зөв зохистой удирдаж, тогтвортой байдлыг хангах замаар Монгол улсын хөгжлийн урт хугацааны зорилгод нийцэх шинэчлэл бүтээн байгуулалтыг хийх явдал тул хөгжлийн мега төслүүдийг дэвшүүлж тэдгээрт чиглэсэн хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлье гэсэн үзэл баримтлалыг Ардчилсан намын бүлэг зарчмын хувьд дэмжиж буйг тэрбээр онцолсон юм. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийг өмнөх оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 6,2 их наяд төгрөг буюу 20 хувиар нэмэгдүүлж төлөвлөсөн нь эдийн засгийн өсөлтийн хүлээлт, гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурах хандлага, богино хугацаанд эрс өөрчлөлт гарах боломжгүй тээвэр, боомтын хүчин чадал зэрэгтэй уялдуулан авч үзэхэд ихээхэн өөдрөг, тасалдах эрсдэлтэй төсвийн төлөвлөгөө болсныг Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дурдаж, төсвийн тэлэх бодлого нь Монгол Улсын гадаад болон дотоод тэнцвэргүй байдлыг улам нэмэгдүүлж, төсвийн зарлагаас шалтгаалан инфляц 2026 он хүртэл зорилтот түвшнээс өндөр байхаар байгааг тэмдэглэв. Монгол Улсын гадаад сектороос хамаарах эмзэг байдал их, импортын хамаарал өндөр, дотоодын санхүүжилт татах хүчин чадал хязгаарлагдмал, хөрөнгө оруулалтын мега төслийн менежментийн тогтолцоо сул зэргээс шалтгаалан таагүй үр дагавар гарч болзошгүйг анхааруулж, эрчим хүчний тарифын өөрчлөлт хийгдвэл үнийн өсөлт улам бүр нэмэгдэж, гадаад валютын ханш өсөх эрсдэлтэйг сануулсан юм. Эдгээрийг үндэслэн, төсвийн орлого, зарлагын дүнг төлөвлөснөөс бууруулж, бодитой төлөвлөх, хөрөнгө оруулалтын мега төслүүдийг ач холбогдлоор нь зөв эрэмбэлж, зохих тооцоо судалгааг хийсний дараа төсвийн дунд хугацааны зорилттой нийцүүлэн үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэх, төслийн менежментийн олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх санхүүжилтийн шинэлэг аргуудыг ашиглах зэрэг саналыг тус намын бүлгээс дэвшүүлэв.

Хэлэлцэж буй хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудад Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээний дүгнэлтийг Тамгын газрын Хяналт, шалгалтын газрын Төсвийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцууллаа. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зардал шилжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц доторх зардлын зориулалтыг өөрчлөх, урсгал зардлыг нэмэгдүүлэх тус бүр нэг, мөн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх болон бууруулах саналууд гарсан нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын болон алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан гэж Улсын Их Хурлын Тамгын газраас дүгнэжээ.

Төсвийн байнгын хорооны болон Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлт, Улсын Их Хурлын Тамгын газрын дүн шинжилгээний дүгнэлттэй танилцсаны дараа Төсвийн байнгын хорооны нэгтгэсэн зарчмын зөрүүтэй нийт 52 саналын томъёоллоор санал хураалт явуулж эхлэв. Улсын Их Хурлын гишүүд гаргасан саналынхаа үндэслэлийг тайлбарлан үг хэлж, саналын томъёолол тус бүрийг нэг бүрчлэн хэлэлцэх зарчмаар санал хураалтыг явуулав. Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан санал хураалтыг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэх горимын санал гаргаснаар чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН