Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулж буй “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үдээс хойш оролцогчдын санал болон Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн.

Хэлэлцүүлэгт Ховд аймаг болон Мянгад сумын иргэдийг төлөөлөн 24, D-parliament.mn цахим хуудсаар дамжуулан 17, заалнаас 19, нийт 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид төрийн байгууллага болон шинжээчдийн дүгнэлт, илтгэлд дурдагдсан мэдээлэл хэт ерөнхий, тодорхой бус, бусад олон улсын байгуулага, судлаачдын хийсэн судалгааны дүгнэлттэй мэдээллэл нь зөрүүтэй байгаад анхаарах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, дүгнэлт өнөө хэр батлагдаагүй байхад төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж буй нь хууль зөрчиж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулахад чиглэнэ гэдгийг онцлоод төрөөс “Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн талаар тодорхой мэдээлэл өгч, мэдэх эрхийг нь хангах нь зүйтэй гэсэн санал хэлсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ө.Шижир, Б.Уянга, С.Замира, Э.Болормаа, Ж.Золжаргал, З.Мэндсайхан, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн, О.Амгаланбаатар, Б.Заяабал, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлж, санал хэлсэн. Гишүүд “Халзан бүрэгтэй” ордын хувьд хайгуулын ажил эхэлсэн хэдий ч цаашид ашиглалт, олборлолт явуулбал хэчнээн тонн хүдэр гаргаад түүнийгээ баяжуулах юм, үлдэгдэл овоолгоос нь хэдий хэрийн цацраг тархаж, тэр нь хүрээлэн буй орчин, хүн, мал, ан амьтан, экологид нөлөөлөх эсэх талаар тодорхой мэдээллүүдээр иргэдээ хангах хэрэгтэй гэв. Мөн цаашид сонсголын үр дүнд төр ямар нэг байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон болохоор үүнийгээ үргэлжлүүлэх, эсвэл цуцлах талаар тодорхой шийдвэр гаргаж, нийгмийг талцуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ асуудалд шийдвэр гаргах хүртэл тууштай хамтарч ажиллана гэдгээ гишүүд мэдэгдлээ.

Түүнчлэн Монгол Улс газрын ховор элементийг ашиглахад өөрийн бодлогыг тодорхойлж, энэ салбарт гуравдагч улсуудын хөрөнгө оруулалтыг татах нь үндэсний эрх ашиг тул салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах цаг болсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна гэв. Хамгийн гол асуудал нь хайгуул, ашиглалтын нэг лиценз, ашиг сонирхлын зөрчил үүсгээд тэр нь Монгол Улсын газрын ховор элементийн хөгжлийг булшлах, гацаах үр дагаварт хүргэж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Үүгээр ерөнхий хяналтын сонсгол өндөрлөж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар сонсголыг хааж, үг хэллээ. Тэрбээр өдрийн турш сонсголд идэвхтэй оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн төлөөлөлд тусгайлан талархал илэрхийлэв. Мөн энэхүү ерөнхий хяналтын сонсголоос гаргасан дүгнэлтийг холбогдох Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг дуулгалаа.

Түүнчлэн газрын ховор элементийн хайгуул хийж буй аж ахуйн нэгж, иргэд хоорондын үл ойлголцолд төр тодорхой түвшинд оролцож, асуудлыг зохицуулах шаардлагыг хүлээж байгаагийн цаана төрийн бодлого тодорхойгүй байгаа нь харагдаж байна гэв.
Нөгөө талаас нь авч үзвэл өнгөрсөн хугацаанд газрын ховор элементийн хайгуул, ашиглалт, тусгай зөвшөөрөлд хэлбэр төдий хандаж байсан бол өнөөдөр газрын ховор элемент нь юу болох, хүний эрүүл мэндэд хортой, хоргүй эсэх талаар нарийвчилсан судалгаануудыг хийх эрх зүйн орчин шаардлагатай байгааг давхар харуулаад байгааг сонсгол даргалагч онцоллоо.
Мөн тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн үл ойлголцлын түвшинд байгаа асуудлыг ойлголцлын түвшинд хүргэх хэмжээнд зохицуулах үүргийг парламент хүлээн авч, анхаарч ажиллахаа илэрхийлэв. Улмаар 126 гишүүнтэй энэ парламент хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгоход санаачилгатай ажиллана гэж байлаа.