Нүүр хуудасМэдээУИХ: Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

УИХ: Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2025.12.18) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийг ахлан ажилладаг бөгөөд Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюаньтай уулзаж, хоёр улсын парламентын бүлэг төдийгүй хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, нээлттэй ярилцлаа. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, хөгжлийн стратеги, зорилтоо харилцан уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд талууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэд хоорондын харилцан ойлголцол улам гүнзгийрч буйг талууд онцлон дурдав. Хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд харилцан айлчлал идэвхтэй үргэлжилж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах талаар санал нэгдэв.

Ташрамд дурдахад 2025 оны 04 дүгээр сард Монгол, Хятад хоёр улсын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болсон. Харин ирэх онд уг механизмын VII хуралдаан Бээжин хотноо зохион байгуулагдана. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайд Таны оруулсан хувь нэмэр чухал гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН