Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр (2024.09.23) “Цахим парламентын үйлчилгээ, тэдгээрийн ашиглалт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газрын Менежментийн газрын дарга Ц.Батбаатар сургалтыг нээж үг хэлэхдээ, Тамгын газар шинээр томилогдсон ажилтнуудаа чадавхжуулах ажлыг тасралтгүй зохион байгуулж буйг дурдаад, тэднээс ирүүлсэн саналд үндэслэн цахим парламентын үйлчилгээг хэрхэн авах талаар мэдээлэл хүргэж буйг онцолсон.
Өнөөдрийн сургалтаар Мэдээллийн технологийн газрын референт Ч.Алтантөр байгууллагын нөөцийн удирдлагын систем (ERP)-ийн хэрэглээ, анхаарах зүйлийн талаар мэдээлэл танилцуулсан бол тус газрын инженер Ж.Төгсжаргал албан хэрэгцээний файлууд, цахим талбаруудад ажиллах арга, ажиллагаа, технологийн нөөцийн талаар, ахлах мэргэжилтэн Д.Нарансолонго төхөөрөмж ашиглалт, Тамгын газраас үзүүлэх программ хангамж болон техник хангамжийн үйлчилгээний талаар мэдээлэл танилцуулав. Сургалтад оролцогчдын сонирхсон асуултад Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ нэгбүрчлэн хариулт өгсөн.
“Цахим парламентын үйлчилгээ, тэдгээрийн ашиглалт” сэдэвт сургалтад Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албанд шинээр томилогдсон ажилтнууд хамрагдлаа