Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Эрчим хүчний салбар хөгжих гадаад болон дотоодын маш таатай...

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Эрчим хүчний салбар хөгжих гадаад болон дотоодын маш таатай нөхцөл бүрдсэн энэ цаг үеийг хэрхэвч алдаж болохгүй

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн албан ёсны цахим хуудастаа дараах постыг бичжээ.

Нэлээд ажиглаж хүлээв. Эрчим хүчний реформ дан ганц үнэ нэмэх эсвэл шинэ эх үүсвэр барих асуудал биш. Олон удаа энэ үгийг хэлж байгаа. Үүнд зах зээлийн загварчлал, бүтцийн өөрчлөлт, либералчилал, хууль эрхзүй, техник технологийн шинэчлэлт, автоматжуулалт зэрэг багтана. Гурван сарын хугацаанд Эрчим хүчний яамыг хангалттай хүлээлээ. Гарын үсэг зуран шийдэл гаргаж, хөдлөх эрхтэй албан тушаалтнууд нь хөдөлсөнгүй.

01 сарын 22-нд үнэ тариф өөрчлөгдсний дараах анхны төлбөр гарч эхлэхэд иргэдээс ирсэн гомдол саналын дагуу Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС-ний мэргэжилтэнгүүдийг оролцуулсан шуурхай хурал зохион байгуулж, шатлалтай тариф тогтоосон шийдвэрээ эргэн харах саналыг тавьж, нийслэлийн гэр хорооллын цахилгаанаар халаалтаа шийдсэн 3-р шатлалын хэрэглэгчид буюу өндөр хэрэглээтэй ангилалд багтсан 63306 айл өрхийн асуудлыг шийдвэрлэх саналыг уламжилсан. Үүний дараах ЭХЗХ 02 сард гаргасан шөнийн тариф тооцох хугацааг уртасгасан шийдвэр нь ч бодит шийдэл болж чадаагүй байсаар байна.

Эрчим хүчний реформ хийгдэх ёстой гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа ч арга барилын хувьд маш их ялгаа гарч байна.

– Үнэ тарифыг огцом биш аажмаар үе шаттайгаар өртөгт нийцүүлэх замаар, индексжүүлэн хөвөгч үнийг тогтоох ёстой гэсэн байр суурийг би байнга илэрхийлж, сануулж байв. Үүний тулд шинэ эх үүсвэрүүдээ яаралтай ашиглалтанд оруулах шаардлагатай. Чадлын дутагдлыг арилгаж, илүүдэл нөөц буй болгосноор үнэ тариф өрсөлдөөнөөр буурах зах зээлийн зарчимтай.

– Шинэ эх үүсвэрүүдийн хувьд урт хугацааны, том хөрөнгө оруулалт шаардагдах мега төслүүдэд тусгай олон жилийн тогтвортой үнэ тогтоож гэрээ байгуулахаас аль болох татгалзаж, жижиг тархмал эх үүсвэрүүдийг дэмжиж, олон шинэ тоглогчдод боломж нээх нь илүү зохимжтой.

– Нар, салхи, нүүрс аль ч сонголтоос хамгийн хямд эх үүсвэрийг л бид дэмжих хэрэгтэй. Шинэ технологиудын давуу талыг элдэв стандарт, тусгай зөвшөөрөл гэж цаг алдалгүй нутагшуулах хэрэгтэй.

– Хэрэглэгчдэд өөрийн хэрэглээгээ хянах боломжийг олгож ухаалаг тоолууржуулалтыг хурдтай нэвтрүүлснээр түгээх салбарын урсгал зардал багасч, эрчим хүчний хэмнэлт хийх боломж хэрэглэгч нарт бодитоор бүрдэнэ.

Энэ мэт зарчмын саналууд дээр шийдэлд хүрэхгүй, үйлдэл хийхгүй байгаад харамсаж байна. Эрчим хүчний салбар хөгжих гадаад болон дотоодын маш таатай нөхцөл байдал бүрдсэн энэ цаг үеийг бид хэрхэвч алдаж болохгүй тул шахаж, шаардаж ажиллахаас өөр аргагүй байдалд байна.

Бүх зүйл муу биш, процесс дундаа явж байгааг илтгэх үйл явдлууд бас бий. Монгол улс олон улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагч нарын итгэлийг олж, томоохон төслүүдээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, хамтын ажиллагаанууд идэвхижиж эхэллээ. Мөн өнөөдөр Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нааштайгаар шийдэгдэх замдаа орсон сайн мэдээтэй өдөр байлаа.

Эрчим хүч гэрэл гэгээтэй салбар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН