УРИАЛГА
“Сэтгэлийн тусгал” малчдад туслах аянд нэгдэхийг УРИАЛЖ байна
Монгол орны ихэнх нутгаар ихээхэн хэмжээний цас орж, хүчтэй шуурснаар “цагаан зуд”, “шуурган зуд” хавсарсан нөхцөл Монголын маань хөдөөд үүслээ. Энэ байдал малчин түмний маань амьжиргаанд ноцтой эрсдэл, хүндрэл үүсгэж байна. Гэхдээ Монгол үндэстний оршихуйн дархлаа болсон малчидтайгаа бид ямагт хамт байж, зудын гамшгийг гарз хохирол багатай даван туулахын төлөө хамтдаа зүтгэх учиртай.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Тиймээс “Сэтгэлийн тусгал” малчдад туслах аянд нэгдэж, халуун сэтгэлийн гараа сунгахыг УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, нийт иргэд, байгууллагууддаа хандан уриалъя.
УИХ 10-р сараас эхлэн өвөлжилтийн талаар мэдээлэл тогтмол сонсож, тодорхой үүрэг чиглэл өгч, хөдөө орон нутагт ажиллаж, оторчид, малчидтайгаа уулзан, санаа бодлыг нь цаашид авах арга хэмжээний саналд бодитоор тусган ажиллаж байна.
“Зуд зулагтай”. Зуд буцаж, цас арилж, дулаан сайхан болох цаг удахгүй ээ. Дэлгэр сайхан тэр цагийг хамтдаа сэтгэл дүүрэн угтахын төлөө хичээн зүтгэцгээе.
Хүнд хэцүү цагт “Монгол хүн бүр бие биедээ нөхөр байя.”