Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бид ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг 2 дахь удаагаа хэлэлцэн баталлаа.
Шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөв болон түүнтэй холбоотой гарсан Улсын Их Хурлын өмнөх шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан. Улсын Их Хурал энэ хоригийг хэлэлцээд бодлого эрх зүйн бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж хүлээн авсан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас Засгийн газарт алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэл өгсөн шийдвэр гаргасан зэрэг нь нийгмийн анхаарал татсанаараа онцлогтой байлаа.
Энэ бол парламентын сул тал, чадамжгүй тухай асуудал биш харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохино.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон парламентаас чиглэл болгосны дагуу Засгийн газар төсвийг бүхэлд нь дахин боловсруулж 2024 оны 12 дугаар сарын 04-нд ирүүлснийг Улсын Их Хурал цаг алдахгүй, зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч, олон талын оролцоотой бүтээлч хэлэлцүүлгийг хуулийн дагуу 4 үе шаттай хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүд олон ургалч үзлээр хандлаа.
Ийнхүү улсын төсвийг цаг алдахгүй хэлэлцэж баталснаар ард иргэдийн ажил амьдрал, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдаж буйтай холбогдуулан дараа дараачийн холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал,
• Улсын Их Хурлын Байнгын хороод асуудлаа нягт хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд ойлголтоо нэгтгэх, төсөв хэлэлцэх онцлог, үүнтэй холбоотой дэгээ мөрдөх;
• Засгийн газар эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлогын бодитой суурийг тавих, төсвийг дахин хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, бүтэц чиг үүргийн уялдаа холбоонд анхаарч ажиллах;
• Аймаг, нийсэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, төрийн байгууллагууд орон нутгийн 2025 оны төсвөө яаралтай батлах;
• Төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах хүртэлх шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, холбогдох хууль тогтоомжийг иж бүрэн ойлгомжтой болгох хэрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн хүрээнд төсвийн тухай хуулийг олон ургалч үзлээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
Та бүхэнд баярлалаа.