УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр буюу энэ сарын 16-нд цахимаар хуралдаж, УИХ-ын чуулган, байнгын хороод болон ажлын багийн хурал, бусад хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулах боломжийн талаар ярилцлаа.
Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багуудын хурал болон хэлэлцүүлгийг цахимаар явуулах бүрэн боломжтой. Харин УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааныг цахимаар явуулах үед УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөх магадлалтай байгаа юм. Тодруулбал, уг хуульд УИХ-ын гишүүд ирц бүртгүүлэх, санал өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ өгнө гэж уг хуульд заасныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Тэрбээр, “Онцгой нөхцөлийн үед УИХ холбогдох шийдвэрээ хойшлуулалгүй гаргах, ээлжит бус чуулган хуралдуулах асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны ажлын баг судалж байна. Хүнсний барааны хомсдолоос сэргийлэх, ариун цэврийн бодис, хамгаалалтын хэрэгслийн хүрэлцээг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дөнгөж сая Эдийн засгийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд нартай хуралдаж, ярилцлаа. ҮАБЗ ч асуудлыг ярилцаж байгаа. Засгийн газраас яаралтай шийдүүлэх хуулийн төсөл өргөн баривал хойшлуулалгүй хэлэлцэх болно. Одоогоор хууль, тогтоомжийн төсөл өргөн бариагүй байна. Даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг энэ 7 хоногт цахим хэлбэрээр дахиж хийнэ” гэв.