Нүүр хуудасМэдээХалтирч гэмтвэл хэрхэн хохирлоо барагдуулах вэ

Халтирч гэмтвэл хэрхэн хохирлоо барагдуулах вэ

Албан байгууллага, аж ахуйн эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд цаснаас үүссэн халтиргаа гулгааг цэвэрлээгүй үед  иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гарвал гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах ёстой. Тэгвэл иргэн хохирлоо эхний удаад албан байгууллагаас гаргуулах бөгөөд хэрэв барагдуулаагүй тохиолдолд иргэний шүүхэд хандах шаардлагатай.

 “Эрүүл ахуйн тухай” хуулийн 1.1 – д “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн байна. 

Эрүүл ахуйн тухай хууль:

  • 4.4. Хүн амын суурьшлын хөрс эрүүл ахуйн дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
  • 4.4.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх;
  • 13.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
  • 13.1.6. Энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламж нэмэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах;

Иргэний хууль:

  • 497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл
  • 497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Харин халтирч унахаас сэргийлэх үүргийг Нийслэлийн засаг даргын хүлээсэн үүрэгт хамаарна гэж Эрүүл ахуйн тухай хуулийн 11–р зүйлд заажээ.

Эрүүл ахуйн тухай хууль:

  • 11 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг
  • 11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
  • 11.1.6. Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдлыг хариуцах;

Тиймээс энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллагын буюу Нийслэлийн засаг даргын эсвэл холбогдох хариуцсан байгууллагын “эс үйлдэхүй” – н улмаас өөрт  хохирлоо шаардах үндэслэлтэй байж болохоор байна. Түүнчлэн чулуун тавцанг явган хүний замд тавьсны улмаас иргэдэд хохирол учирвал энэ нь Нийслэлийн засаг даргад хамаарах асуудал гэж үзэж болно. Учир нь, Эрүүл ахуйн тухай хууль нь “… хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах …” зорилт бүхий хууль бөгөөд хуулийн 11.1.1, 11.1.6 – д заасны дагуу Нийслэлийн засаг дарга аюулгүй орчин, нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, аюулыг бууруулах арга хэмжээ авах үүрэг бүхий субьект байна. 

Тэгэхээр Сүхбаатарын талбай, Төрийн ордны баруун, зүүн талын болон МУИС-ийн номын сангийн өмнөх замд буюу гялгар чулуун хавтантай газруудад халтирч унан бэртсэн иргэд дээр тайлбарласан үндэслэл, процессын дагуу Нийслэлийн засаг даргаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Хэрэв халтирч унавал халтирч унасанаа баталгаажуулан гэрэл зураг дарах шаардлагатай бөгөөд эмнэлэг, цагдаагийн тусламж дуудаж уг газарт унаж бэртсэн гэдгээ баримтжуулж болно.

Энэ нь тухайн байгууллагаас хохирлоо бүрэн гаргуулах эхний баримт болох юм. Харин үүнийхээ дараа хэр их бэртсэн, эмчилгээний зардал хэдэн төгрөг болсон талаар эмнэлгийн магадлагаа гаргуулж, түүнийгээ тухайн дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлэх ёстой. Ингэснээр тус байцаагч таны эмчилгээний зардлыг тухайн байгууллагаас гаргуулж өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлэн торгож хариуцлага тооцох үүрэгтэй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН